“МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХЭН ХӨГЖИЛ 1921-2021 ОН” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОНОЛ, АРГА ЗҮЙН ХУРАЛ БОЛЛОО

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгэн зууны түүхэн хөгжил 1921-2021 он” сэдэвт эрдэм шинжилгээний онол, арга зүйн хурлыг 2021 оны 3-р сарын 12 өдөр ҮБХИС-ийн материаллаг баазыг түшиглэн хосолсон (цахим, биет) хэлбэрээр зохион байгууллаа.

 

Энэ удаагийн эрдэм шинжилгээний онол, арга зүйн хурлын зорилго нь Зэвсэгт хүчний 100 жилийн түүхэн хөгжил, ололт, амжилтыг дүгнэн, Монголын Зэвсэгт хүчний өмнө тулгамдаж буй асуудлаар удирдлагын болон эрдэм шинжилгээний байгууллагууд санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг цэргийн шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, онол практикт нэвтрүүлэхэд хамтран ажиллах, нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглэгдсэн байлаа.

Эрдэм шинжилгээний хурлын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд, БХЯ-ны ШУТЗ-ийн дарга Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д. Ганзориг, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Б.Авид болон БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, БХЭШХ-ийн удирдлага, эрдэмтэн судлаачид оролцсон юм. Үүнээс гадна ЗХЖШ-ын зарим бие бүрэлдэхүүн, ХЗЦК, АЦК болон “Монголын Цэргийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), профессор Ц.Тогоо, “Монгол генерал төв”-ийн тэргүүн, доктор (Ph.D), профессор С.Баасанхүү нар цахим хэлбэрээр хуралд оролцож хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хурлын ажиллагааг нээж Батлан хамгаалахын дэд сайд, БХЯ-ны ШУТЗ-ийн дарга Б.Баярмагнай үг хэлсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ БХЯ-ны ШУТЗ-өөс Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан 9 дэд зорилт, 48 арга хэмжээний хүрээнд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгааг онцлон дурдсан. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хурлын ажиллагаанд баяр хүргэсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, гадаад улс орнуудтай цэргийн итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн алба, сахилга, зохион байгуулалтыг өндөржүүлж, албаны ухамсрыг дээшлүүлэх зорилго, зорилтуудыг ханган биелүүлэхэд Та бидний хамтын хүчин чармайлт, идэвх санаачилга нэн чухал гэдгийг онцлов.

Эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг “Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгэн зууны түүхэн хөгжлийн замнал, өнөө ба ирээдүй” сэдвээр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал, Д.Ганзориг илтгэсэн бөгөөд уг илтгэлийг БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, МУ-ын ШУГЗ, доктор (Sc.D), профессор, Ш.Паламдоржтой хамтран бэлтгэж хэлэлцүүлснээрээ онцлог байлаа.

Бусад хавсралт илтгэлүүд нь “Төрлийн цэргийг хөгжүүлэх бодлого, хэрэгцээ, шаардлага”, “Зэвсэгт хүчний сургалтын тогтолцоог шинэчлэх арга зам”, Энхийг дэмжих ажиллагаа дахь Монгол цэргийн оролцоо Зэвсэгт хүчний хөгжлийн нэгэн тулгуур болох нь”, “БНМАУ-ыг хөгжилд Барилгын цэргийн оруулсан хувь нэмэр, Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтад Барилга-Инженерийн цэргийн оролцоо, цаашдын хандлага, “Зэвсэгт хүчний түүхэн хөгжил-Монголын Ардын Армийг өргөтгөн зохион байгуулсан нь”, “Зэвсэгт хүчний хөгжил дэхь цэргийн алба хаагчдын манлайлал, түүнд хийсэн шинжилгээ” зэрэг Зэвсэгт хүчний удирдлага, зохион байгуулалт, түүхэн хөгжил, сургалт бэлтгэлийн тогтолцоог цаашид боловсронгуй болгохтой холбоотой олон чухал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хурлын ажиллагааг хааж ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг үг хэлсэн.Тэрээр хэлсэн үгийнхээ төгсгөлд Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн хөгжил болон өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын чиг хандлагыг тодорхойлохыг зорьсон явдал нь өнөөдрийн хурлын өндөр ач холбогдол, үр дүнг илэрхийлж байна хэмээн нэгтгэн дүгнэсэн юм. Эрдэм шинжилгээний хурлыг Цар тахлын дэглэмийн энэ хүнд үед хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулсан нь цар тахлаас сэрэмжилсэн, аюулгүй байдлыг сайтар хангасан арга хэмжээ байлаа гэж хуралд оролцогчид тодотгож байлаа.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter