“ХАЛХЫН ГОЛ-85: СУДАЛГАА, ҮР ДҮН, ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академи, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Халхын гол-85: Судалгаа, үр дүн, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд батлан хамгаалах салбарын удирдлагууд, Халхын голын байлдааны талаар судалгаа, шинжилгээ явуулдаг Монголын болон гадаадын зарим улс орны тэргүүлэх эрдэмтэн судлаачдаас гадна уг байлдаанд оролцсон ахмад дайчин, 100 насныг зооглоод буй Ц.Чимэдцэрэн гуай урилгаар оролцлоо.
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг тус хурлыг нээж хэлсэн үгэндээ “Халхын голын байлдааны түүхийг Монгол Улсад төдийгүй гадаадын улс орнуудын олон эрдэмтэн, судлаач, цэргийн мэргэжилтнүүд эрчимтэй судалж, судалгаа шинжилгээний ажлынхаа үр дүнг харилцан солилцож, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааны бүтээл туурвил зэрэгт түшиглэн өргөжүүлсээр ирсэн. Ялалтын уухайг цуурайтуулахад халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйн төлөө Монгол-Зөвлөлтийн ард түмний тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэхэд баатарлаг гавьяа байгуулсан Монгол, Зөвлөлтийн дайчид, мөнхөд дурсагдах учиртай юм.
Өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний хурлаар уг байлдааны эхлэл, өрнөл, төгсгөлийн учир шалтгаан, түүхийн зарим эргэлзээ төрүүлэхүйц олон талт ойлголт, туршлага, сургамж, бодит үнэнийг баримт, нотолгоотой тунгаан хэлэлцэж, эрдэмтэн, судлаачид та бүхнээс үнэтэй санал, зөвлөмж гарч, нээлттэй ярилцаж, санал бодлоо солилцож, цаашдын чиг хандлагаа тодорхойлсон үр дүнтэй хурал болно гэдэгт миний бие итгэлтэй байна” хэмээв.
Энэхүү хурлын зорилго нь Халхын голын байлдааны түүх, цэргийн урлагын чиглэлээр эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг нээлттэй хэлэлцэх, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, цэргийн түүхийн болон цэргийн урлагийн чиглэлээр цаашид эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж буй юм.
Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter