Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1325 дугаар тогтоол, түүнтэй холбогдон гарсан бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө (NAP) боловсруулах хэрэгцээ, шаардлага, түүнд батлан хамгаалах салбарын оролцоо, манлайллын асуудлаар санал солилцлоо.

Хүрээлэн нь 2021–2026 онд энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр 30 орчим эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж, эмэгтэйчүүдийн оролцоо, жендэрийн бодлого, энхийг сахиулагчдын туршлага, сургалт, нийгмийн хамгааллын асуудлаар судалгаа, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулсан билээ.

Эдгээр үйл ажиллагааны үр дүнд “Монголын эмэгтэй энхийг сахиулагчид”, “Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн туршлага, сургамж”, “Энхийг сахиулах ажиллагаанд монгол эмэгтэйчүүдийн оролцоо”, “Энхийг сахиулагчийн нийгмийн хамгаалал – асуудал, шийдэл” зэрэг судалгааны бүтээл, эмхэтгэл, гарын авлагыг боловсруулан сургалт, судалгааны эргэлтэд оруулжээ.
Ийнхүү Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн нь хуримтлуулсан судалгаа, статистик мэдээлэл, практик туршлага, сургамж, мэргэжлийн арга зүй, оролцогч талуудын санал дээр тулгуурлан “Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулахад шаардлагатай нотолгоо, суурь мэдээллийг бүрдүүлэх, бодлогын санал, зөвлөмж боловсруулахад судалгааны байгууллагын хувьд манлайлан оролцож байна.





