Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын орчин, тулгарч буй сорилтуудыг тодорхойлж, хамтын шийдэл эрэлхийлэх зорилготой “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Эрсдэл, шийдэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 05 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Австрали, Япон, БНСУ, Франц, БНЭУ, БНКУ, АНУ гэсэн арван улсын 60 гаруй төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, дипломат төлөөлөгчид оролцсон нь хурлын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгааг илтгэж байна.
Хурлыг нээж Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг төлөөлөн БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Э.Гансүх хэлсэн үгэндээ “Бид бүс нутгийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцэж, харилцан итгэлцлийг бэхжүүлэх замаар хамтын ажиллагааны шинэ гарц, бодит шийдлийг тодорхойлох нь энэхүү хурлын гол ач холбогдол юм” хэмээн онцолсон юм.
Хоёр өдөр үргэлжилсэн тус хурлаар:
– Бүс нутгийн аюулгүй байдлын орчин, их гүрнүүдийн ашиг сонирхол ба Монгол Улсын стратегийн түншлэл,
– Кибер аюулгүй байдал, мэдээллийн дайн, уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн гамшгийн эрсдэл,
– Бүс нутгийн орнуудын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал,
– Эрчим хүчний хамаарал, тээвэр ложистикийн эрсдэл ба нөөцийн дипломат ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд
ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, БНСУ-ын Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэн (KIDA), Японы Рицүмэйкан их сургууль болон Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэд илтгэл тавьж оролцлоо. Энэхүү хурлаас гарсан санал, зөвлөмжүүд нь Зүүн хойд Азийн бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, маргаантай асуудлыг улс төр-дипломатын аргаар шийдвэрлэхэд бодлогын чухал дэмжлэг болно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
