Цэргийн археологийн судалгаа анх удаа хийгдэнэ.

“Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой”-г тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Шинжлэх Ухааны Академийн харьяа Археологийн хүрээлэн, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн хамтран “Цэргийн археологи” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Өнөөдөр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Д.Содномцог, Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), дэд профессор Г.Эрэгзэн, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), хурандаа А.Ганбилэг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээг зохион байгууллаа.

Төслийн зорилго нь Халхын голын байлдаан болсон түүхэн газар, нутагт цэргийн археологийн хамтарсан судалгааг эхлүүлэх, цэргийн археологийн судалгааны арга зүйг хөгжүүлэх, цаашид цэргийн археологийн судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, нөхцөл, боломжийг бүрдүүлэх, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, музейн сан хөмрөгийг баяжуулах, хамтын судалгааны бүтээл туурвихад оршиж байгаа юм.

 Төслийг хэрэгжүүлснээр цаашид Цэргийн түүхийн төдийгүй цэргийн урлагийн хөгжлийн судалгааг өргөжүүлэхэд чиглэгдэж байгаа онцлогтой ажээ. Уг арга хэмжээнд дээрх хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцов.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter