Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аюулгүй байдал судлалын төвөөс 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Хөрш орнуудын цэрэг-стратегийн бодлогын өөрчлөлт, хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын удирдлагын академи болон Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцож, ОХУ, БНХАУ-ын цэрэг-стратегийн бодлогын өөрчлөлт, АНУ-ын бүс нутгийн орчин болон Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл, судалгааны үр дүнгээ солилцов.
Мөн орчин үеийн дайн, зэвсэгт хүчний сургалт, бэлтгэл, хиймэл оюун ухаан, нисгэгчгүй систем, кибер хамгаалалт, батлан хамгаалах үйлдвэрлэлийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, хоёр хөрштэй тэнцвэртэй харилцах, “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.


