Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран Умард Атлантын гэрээний байгууллагын Улс төрийн асуудал, аюулгүй байдлын бодлогын газрын Энэтхэг, Номхон далайн асуудал хариуцсан захирал хатагтай Гвен Вамос тэргүүтэй төлөөлөгчдийг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд 2026 оны 07-р сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал доктор О.Машбат, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор, хурандаа Т.Мөнх-Оргил, Монгол Улсаас Бельгийн Хаант Улс болон Европын холбоонд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд, дээрх хүрээлэнгүүдийн судлаачид оролцсон юм.
Уулзалтаар олон улсын аюулгүй байдлын орчинд өрнөж буй өөрчлөлт, тулгамдсан асуудал болон НҮБ-ын “Энх тайван, эмэгтэйчүүд, аюулгүй байдал” санаачилгын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх, энхийн ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов.
