Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-аас 12-р сарын 10-ны өдрүүдэд тохиодог бөгөөд манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд уг санаачилгад нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.

Энэ жилийн хувьд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сантай хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг улсын хэмжээнд “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцье – НЭГДЭЦГЭЭЕ!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд Батлан хамгаалах салбар тус аянд нэгдэж байна.
Та бүхэн тус аяныг дэмжихийн зэрэгцээ Жендэрийн талаарх ойлголт, мэдлэг, чадвараа бататгах, цаашид жендэрийн тэгш байдлыг хангах төрийн бодлого төлөвлөлтийг сайжруулахад хувь нэмрээ оруулахын тулд Монгол Улсын Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын Албаны сайтад байрших “Иргэд олон нийтэд зориулсан жендэрийн цахим тест” болон “Удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалт”-д доорх линкээр орж идэвхтэй хамрагдана уу.
