НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай 1325 тоот тогтоол батлагдсаны 25 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд Монгол Улсад энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Жендерийн салбар хороодын гишүүд чуулж хэлэлцүүлэг өрнүүлэн, санал бодлоо солилцов.
“Эмэгтэйчүүдийн оролцоо энх тайван ба аюулгүй байдалд” сэдэвт хэлэлцүүлэгт хошууч генерал Х.Лхагвасүрэн (ХХЕГ), ЖҮХАА-ны техникийн зөвлөх, менторын хөтөлбөрийн зохицуулагч Т.Амгалан, БХЭШХ-ийн захирал хурандаа Т.Мөнх-Оргил, ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын зөвлөх В.Оюу, ОБЕГ-ын дэд дарга хурандаа Ц.Уранчимэг, ШШЕГ-ын тэргүүн дэд дарга хурандаа Б.Даваа, Стратеги судалгааны хүрээлэнгийн Аюулгүй байдлын бодлогын төвийн дарга Н.Соёлгэрэл болон бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо.
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн нь салбарын бодлого, үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг төлөвшүүлэх чиглэлээр олон талт, үр дүнтэй ажил хэрэгжүүлэхийг зорьж байна.
Тухайлбал, 2021 онд “Эмэгтэй энхийг сахиулагчдын туршлага, сургамж”, 2023 онд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчдын оролцоог энхийн үйлс, аюулгүй байдлын салбарт нэмэгдүүлэх боломж” сэдвээр эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан юм.
Эдгээр арга хэмжээ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1325 дугаар тогтоолыг Монгол Улсад хэрэгжүүлэх үйлсэд бодитой дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ төрийн цэргийн болон цагдаагийн байгууллагын эмэгтэй алба хаагчдын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, тэдний туршлага, санал санаачилгыг бодлого, төлөвлөлтөд тусгах судалгаанд суурилсан шинэ хандлагыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг өнөөдрийн хэлэлцүүлгээр онцоллоо.

