“Энхийг дэмжих ажиллагааны сургамж, тэргүүн туршлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг зохион байгуулав.

Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран “Энхийг дэмжих ажиллагааны сургамж, тэргүүн туршлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг 2025 оны 5 дугаар сарын 28-ны  зохион байгуулав.

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд Монгол Улсын оруулах хувь нэмрийг бататгах, олон улсын туршлагыг судлах зорилготой тус хуралд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, Европын Холбооны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Кристофер Форекс тэргүүтэй хүндэт зочид оролцов. Мөн батлан хамгаалах салбарын албан тушаалтнууд, гадаад улсын дипломат төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж, санал бодлоо солилцсон юм.

Хурлаар Монгол Улсын энхийг дэмжих ажиллагааны бодлого, туршлагаас гадна Япон, Их Британи зэрэг улсын энх тайвны төлөөх санаачилга, хувь нэмэр, цагдаагийн байгууллага болон эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоо, энхийг сахиулах ажиллагааны ирээдүйн сорилт зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Энэхүү хурал нь энхийг дэмжих ажиллагааны талаарх судалгаа, шинжилгээний шинэ тавцан болж, оролцогч талуудын хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг зочид төлөөлөгчид онцоллоо.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter