Цэргийн эрдэмтэн, судлаачдын заах арга зүйн цугларалт

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2025-2026 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүн дунд заах арга зүйн цугларалтыг 2025 оны 9 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа.

Цугларалтын эхний өдөр “Судалгааны арга зүй ба мэдлэгийн шинэ ертөнц” сэдэвт сургалт зохион байгуулав.

Сургалтын хүрээнд Аюулгүй байдал судлалын төвийн тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор З.Болдбаатар “Аюулгүй байдлын орчны төлөв, хандлага судалгааны арга зүй”, Батлан хамгаалах судлалын төвийн тэргүүлэх ажилтан, профессор Ц.Дашзэвэг “Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний байгуулалт: асуудал, шийдэл”, Цэргийн урлаг судлалын төвийн тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж “Цэргийн шинжлэх ухааны хөгжил өнөө ба ирээдүй: Орос-Украйны дайн” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ нь эрдэмтэн, судлаачдын хувьд судалгааны арга зүйд суралцаж, аюулгүй байдал, батлан хамгаалах судлал болон цэргийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагын талаар шинэ мэдлэг, мэдээлэл олгосон мэдээллийн багтааж сайтай үр өгөөжтэй сургалт боллоо.

Арга зүйн цугларалтын хоёр дахь өдөр хүрээлэнгийн нийт бие бүрэлдэхүүн “Цугларалт” дохиогоор ажиллаж, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн хээрийн болон өдөр тутмын хувцасны үзлэгт хамрагдаж бэлэн байдлаа шалгууллаа. Мөн офицерууд  бүлгийн дасгал боловсруулж, эрдэм шинжилгээний энгийн ажилчид “Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нарыг улс төрийн шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах нь” сэдвээр тус тус тактикийн даалгавар боловсруулан ажиллалаа.

Хүн нэг бүрийн “Биеийн зохистой харьцаа”-г үзэж, “Бие бялдрын бэлтгэлжилтийн норматив”, буудлагын анхны дасгал боловсруулан, дүнг нэгтгэж бие бүрэлдэхүүнд шаардлагатай үүрэг чиглэл өгч ажилласан.

Заах арга зүйн цугларалтыг хүрээлэнгийн гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны онцлогтой уялдуулан зохион байгуулсан нь алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, сэтгэл зүй болон бие бялдрын түвшинг дээшлүүлэх, судалгаа шинжилгээ хийх ур чадвар, мэргэжлийн түвшинг нэмэгдүүлэх, төрийн албаны сахилга хариуцлагыг бэхжүүлэх, төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх, удирдлагын бүрэлдэхүүний удирдах манлайлах чадварыг нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter