Монгол Улсын батлан хамгаалах бодлого, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт, үр нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэх, цаашдын шинэчлэлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор “Батлан хамгаалах бодлогын хэрэгжилт ба шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэн, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн болон холбогдох судалгааны байгууллагуудын эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид оролцож, дараах чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд:
- Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсэн чиглэлүүд, тэдгээрийн хэрэгжилтэд хийсэн шинжилгээ;
- Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны талаарх социологи, нийгмийн сэтгэл зүйн шинжилгээ;
- Бүс нутгийн орнуудын батлан хамгаалах бодлогын өөрчлөлт, чиг хандлага;
- Батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийн үнэлгээний арга зүйн асуудал.
Оролцогчид Монгол Улсын батлан хамгаалах бодлого нь үндэсний аюулгүй байдлын суурь тулгуур болохын зэрэгцээ, дэлхий дахины хувьсан өөрчлөгдөж буй аюулгүй байдлын орчинд дасан зохицох, ухаалаг, шинжлэх ухаанд тулгуурласан бодлого хэрэгжүүлэх, тухайлан, хугацаат, гэрээт цэргийн алба хаагчийн тогтолцоог шинэчлэх, дайчилгааны болон орон нутгийн хамгаалалтын тухай хууль зэрэг зарим бодлогын баримт бичгүүдийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг онцоллоо.