“Төрийн цэргийн байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.

Монгол Улсын “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги – 2030”, “Батлан хамгаалахын стратеги төлөвлөгөө 2024-2028” зэрэг баримт бичгийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Төрийн цэргийн байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хурлыг Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Одхүү нээж, хүний нөөцийн бодлогын стратеги, хэрэгжилт, сургалтын шинэчлэл, хэрэгцээ, мэргэшсэн боловсон хүчний хомсдол зэрэг тулгамдсан асуудлыг онцлон дурдаж, шинжлэх ухаанд суурилсан бодлогын шинэчлэл хийх шаардлагатай байгааг онцолсон.

Хурлын эхэнд Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар үг хэлэхдээ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд салбар хоорондын уялдаа холбоог хангах, хүний нөөцийн бодлогыг үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын хүрээнд төлөвлөх, хэрэгжүүлэх нэгдсэн бодлого, хөтөлбөртэй байх нь зүйтэй гэдгийг онцолж хэд хэдэн асуудлыг хөндөж, холбогдох үүрэг, чиглэлийг Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд өглөө.

Хурлаар төрийн албаны шинэтгэл, батлан хамгаалахын болон төрийн цэргийн байгууллагын хүний нөөцийн бодлого, эрэлттэй мэргэжлийн хэрэгцээ, салбар тус бүрийн хүний нөөцийн төлөвлөлт, мэргэшүүлэлт, гүйцэтгэлийн удирдлага, сургалтын тогтолцооны шинэчлэл, нөхөн хангалт, карьерын тогтолцоо, нийгмийн хамгааллын тогтолцоо, цахим болон хиймэл оюунд суурилсан менежментийн шаардлага, салбар хоорондын бодлого төлөвлөлтийн уялдаа зэрэг нийтлэг асуудлыг онол-практикийн түвшинд хөндөж, оновчтой шийдэл боловсруулахаар  хэлэлцлээ.

Хуралд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоодын цэрэг болон төрийн албаны зөвлөлийн төлөөлөл, мэргэжилтнүүд оролцож илтгэл хэлэлцүүлсэн байна.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter