Батлан хамгаалах яамны захиалгаар Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн санхүүжилтээр “1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын судалгаа” сэдэвт төсөлт ажлыг Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын төв архивын судлаачид гүйцэтгэж байна. Тус төсөлт ажлын хүрээнд 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын судалгааг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс авч, ахмад дайчдын товч намтрыг эмхэтгэн 4 ботиор хэвлэн нийтлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд эхний боть болох ЭГЭЛ БААТРУУД “1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын судалгаа I боть” бүтээлийн нээлт, номын баяр 2023 оны 8-р сарын 31-ний өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Төв номын санд боллоо.
Энэхүү арга хэмжээнд Үндэсний батлан хамгаалах их сургуулийн сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, доктор (Ph.D), хурандаа Б.Энхзоргол, ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн атташе, хошууч генерал Петрунин Павел Владимирович, ҮБХИС-ийн Батлан хамгаалах удирдлагын академийн захирал, доктор (Ph.D), бригадын генерал Л.Онцгойбаяр, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Д.Содномцог, Батлан хамгаалахын төв архивын дарга, дэд хурандаа Ж.Гантулга нарын хүндэт зочид, төслийн гүйцэтгэгчид болон БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачид, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын төв архивын төлөөлөл, ҮБХИС-ийн ЦНДС-ийн сонсогчид оролцлоо.

ЭГЭЛ БААТРУУД “1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын судалгаа I боть”-д Архангай (710), Баян-Өлгий (160), Баянхонгор (367), Булган (487) аймгаас 2 дайнд оролцсон болон 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон нийт 1720 гаруй ахмад дайчдын товч намтрыг архивын баримт, судалгаа, Монгол цэргийн музейн сан хөмрөгийн мэдээлэлд үндэслэн бүтээлийг туурвисан байна.
