ШУА-ИЙН ГРАНТ ТӨСӨЛ БОЛЗОЛ ХАНГАЛАА

Монгол Улсын Шинжлэх ухааны академи (ШУА)-аас жил бүр нийгмийн бодит хэрэглээ болгох боломжтой онолын суурь судалгааны ажлын завсрын болон эцсийн үр дүнд зайлшгүй шаардлагатай нэмэлт судалгаа, тооцоо, үндэслэл, боловсруулалт хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний байгууллага, ажилтанд нэг жилийн хугацаатай төслийн “Грант” олгох сонгон шалгаруулалтыг зарладаг уламжлалтай.

Энэ жилийн шалгаруулалтад Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Технологи дамжуулалт, Ре-инженерингийн төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D), ахмад Б.Батбаярын санаачилсан “Буудлагын зэвсгийн сум сумлах багажийн бүтээц” сэдэвт судалгааны төсөл  анх удаа шалгарлаа.

“Буудлагын зэвсгийн сум сумлах багажийн бүтээц” судалгааны грант төслийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээг Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн болон грант төслийн удирдагч нар хамтран байгуулж, баталгаажууллаа.

Доктор (Ph.D), ахмад Б.Батбаяр нь 2019 онд “Буудлагын зэвсгийн сум үйлдвэрлэх технологийн судалгаа” сэдвээр цэргийн ухааны докторын зэрэг хамгаалсан Батлан хамгаалах салбарын анхны залуу эрдэмтдийн нэг юм.

Тэрээр ҮБХИС-д 2014 онд томилогдон 9 жилийн хугацаанд багшаас ахлах багш, БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан хүртэл дэвшин ажиллаж, 2016 онд ҮБХИС-ийн “Тэргүүний залуу багш”-ийн дэд байр, 2017 онд тэргүүн байр, 2018 онд “Галт хэрэглэл” хөтөч сурах бичиг боловсруулан тэргүүн байр, 2021 онд “Буудлагын зэвсэглэл” хөтөч сурах бичиг боловсруулан дэд байрт шалгарсан амжилт гаргасан байна.

Доктор (Ph.D), ахмад Б.Батбаяр нь нь улс, салбарын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын илтгэл 18, нийтлэл, өгүүлэл 16, ном, сурах бичиг, гарын авлага 6, хянан тохиолдуулсан ном бүтээл 4, төсөлт ажил 2, удирдсан дипломын ажил 4, ашигтай загварын патент 4-ийг боловсруулсан зэрэг олон арван эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвижээ.

Доктор (Ph.D), ахмад Б.Батбаяр таны эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter