Цэргийн ухааны доктор, хошууч генерал Чойжамцын УЛААНХҮҮ

Бидний эрхэм багш, хамтран зүтгэгч, журмын нөхөр хошууч генерал Чойжамцын Улаанхүү нь хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Хошууч генерал Ч.Улаанхүү 1945 онд Говь-Алтай аймгийн Хасагтжаргалан, одоогийн “Шарга” сумын нутагт төржээ. 1955-1965 онд ерөнхий боловсролын дунд сургууль, 1965-1969 онд ЗХУ-ын Киев хотод Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командын дээд сургууль, 1984-1986 онд Москва хотод К.Е.Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, 2000 онд АНУ-ын Хавай дахь Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвийн дэргэдэх коллеж, 2003 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хот дахь Батлан хамгаалах менежментийн удирдах ажилтны дамжаанд тус тус суралцаж төгссөн. Орос, англи хэл бүрэн эзэмшсэн.  

Тэрээр 1969-1970 онд Зенит пуужинт артиллерийн тусгай дивизионы тагнуулын дарга, 1970-1971 онд зенит пуужингийн дивизионы штабын орлогч дарга, 1971-1977 онд радио техникийн тусгай хороонд нэгдсэн командын байрын дарга, 1977-1984 онд МАА-ийн 028 дугаар ангийн захирагч, 1986-1996 онд Батлан хамгаалах яамны Улсыг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн дарга, хэлтсийн дарга, Улсыг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэрэг, нисэх хүчний командлагч, 1996-2000 онд Цэргийн их сургуулийн Команд штабын институт, Батлан хамгаалахын удирдлагын академийн захирал, 2000-2005 онд Зэвсэгт хүчний Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар 2 дахь удаагаа, 2005-2006 онд Батлан хамгаалах яамны Стратеги судлалын хүрээлэнгийн захирал, 2006-2007 онд АНУ-ын төвийн командлал, үндэсний цэргийн ахлах төлөөлөгч, 2008 оноос Батлан хамгаалахын удирдлагын академид багш, 2012-2015 он хүртэл БХЭШХ-д судлаачаар ажиллаж байсан төр нийгэм, цэргийн зүтгэлтэн, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний манлайлан удирдагч, нэрт сурган хүмүүжүүлэгч байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1996 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 41 дүгээр зарлигаар Ч.Улаанхүүд хошууч генерал цол хүртээжээ. Ч.Улаанхүү нь БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар 1980-1984 онд сонгогдон ажиллаж байв.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж “ Цэргийн гавьяаны Улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Алтан гадас одон”, “Цэргийн хүндэт медаль”-иар шагнаснаас гадна ЗХУ, ОХУ, Куба, Польш улсын медаль болон АНУ-ын “Гавьяаны загалмай” одонгоор шагнагдаж байжээ.   

Батлан хамгаалахын их сургуулийн докторантурт 2008-2011 онд суралцаж, “Дайны бус цэргийн ажиллагаанд оролцох бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх нь” сэдвээр цэргийн ухаанаар доктор (Рh.D)-ын зэрэг хамгаалсан.

Цэргийн ухааны доктор, хошууч генерал Ч.Улаанхүү нь цэргийн эрдэм судлалд хоёргүй сэтгэлээр зүтгэж, аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалахын судалгаа шинжилгээний ажилд өөрийн дорвитой хувь нэмрийг оруулсан эрдэмтэн юм.

Тэрээр судалгааныхаа үр дүнгээр бие даасан болон хамтарсан олон арван бүтээл туурвисны зэрэгцээ эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, орчуулгын 10 гаруй бүтээл хэвлэн нийтлүүлж, улсын болон салбарын захиалгат төсөл, судалгааны ажлуудад удирдагчаар оролцон ажиллажээ. Түүний бэлтгэн гаргасан олон арван шавь нар үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд үр бүтээлтэй ажиллаж байна.

Эгэлгүй эрдэмтэн Таны үндэсний монгол бичгээ эрхэмлэн дээдэлж, тэмдэглэл хөтөлдөг байсан, сурахад нас оройтдоггүйн жишээг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж 52 настайдаа англи хэл сурч, 66 настайдаа эрдмийн зэрэг хамгаалж байсан нь залуу хойч үеийнхэнд үлгэр дууриалал болох учиртай.

Үүрдийн ч бус

Зуурдийн ч бус хорвоо

Үрээ аваад явлаа

Яалтай ч билээ дээ

Ухаанаа орхиод

Ууландаа явлаа

Үрсдээ эх орноо үлдээгээд

Үүрдийн бусыг үзлээ

Шаргын говийн

Шар генерал

Шагайгаар тоглож өссөн

Малчны хүүхэд

Оросод сургууль төгссөн

Даруухан генерал

“Одоо” цагт баригдаагүй

“Дархан” генерал

Монголыг тэнгэрээс хамгаалсан

Бурхан генерал

Морио пуужингаар сольсон

Буянтай генерал

Улаан генералыг харахад

Уул нүүж яваа юм шиг санагддаг

Уулзаад ярихын цагт

Уртын дуу шиг санагддаг

Ач үрсдээ

Алтай уул шигээ түшигтэй явлаа

Бор цэргүүддээ

Богд уул шигээ түшигтэй явлаа

Монгол төрийнхөө сүлдийг

Мөрөндөө өргөж явлаа

Эрдэм номыг хурааж явлаа

Эр хүний шинжийг хадгалж явлаа Та.

Эрхэм Таны өргөсөн тангарагтаа үнэнч, мэргэжилдээ чадварлаг, хүнлэг, шаргуу хөдөлмөрч, чин шударга, ажилч хичээнгүй, гүндүүгүй, даруу төлөв, тусч, зоримог зан чанар, гэгээн дүр нь гэр бүл, хамт олон, найз нөхөд, шавь бидний сэтгэл зүрхэнд өнө мөнхөд орших болно.

Ум сайн амгалан болтугай.  

ҮБХИС, БХЭШХ, БХУА-ийн эрдмийн хамт олон

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter