“ЦЭРГИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, ХУРАНДАА ГЕНЕРАЛ Ж.ЁНДОН-100 ЖИЛ” ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэн үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд тус хүрээлэн “Ерөнхий цэрэг ассоциаци” төрийн бус байгууллагатай хамтран ХХ зууны Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Цэргийн нэрт зүтгэлтэн хурандаа генерал Ж.Ёндон-100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 4 сарын 25-ны өдөр ҮБХИС-ийн “Сүбээдэй” олон улсын хурлын танхимд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо, Монгол Улсын Баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар, ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Академич, доктор(Sc.D), профессор Б.Авид, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Р.Энхболд, ЗХЖШ-ын 1 орлогч дарга, хурандаа Ж.Өсөхбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга, хурандаа Т.Галбадрах, БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачид, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн төлөөлөл, хурандаа генерал Ж.Ёндонгийн хүү Ганзориг, Наранцэцэг болон найз нөхөд, ач зээ нар, нутгийн хүмүүсийн төлөөлөл оролцлоо.

Хурандаа генерал Ж.Ёндон нь өсөх залуу наснаасаа эхлэн Монголын Зэвсэгт хүчинд зүтгэж байлдагчаас генерал, ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайдаас төрийн түшээ, ардын их хурлын депутат хүртэл дэвшин ажилласан төр, цэргийн нэрт зүтгэлтэн байсан юм. Тэрээр 17 насандаа өөрийн саналаар цэргийн албанд мордож, 1940-1942 онд Тамсагбулагийн домогт 6 дугаар морьт дивизийн 15 дугаар морьт хороонд цэрэг, бага даргаас армийн амьдралаа эхлүүлсэн бөгөөд ухамсарт амьдралынхаа 50 гаруй жилийг төр, цэргийн их үйл хэрэгт зориулжээ. Ингэхдээ эрхэлсэн ажил, албандаа ямагт манлайлагч байсан нь өнөөдөр ч бахархалтайгаар дуyрсагдаж байна.

Тус эрдэм шинжилгээний хурал нь хурандаа генерал Ж.Ёндонгийн төр, цэргийн зүтгэлтэн болж төлөвших их үйлийнх нь түүхэн замналыг эргэн судалж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан юм. Эрдэм шинжилгээний хурлаар “Монгол төрийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Жамсрангийн Ёндон”, “Хурандаа генерал Ж.Ёндонгийн цэргийн хэрэгт оруулсан хувь нэмэр”, “Нэрт сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, хурандаа генерал Ж.Ёндон”, “Монгол цэргийн музейд хадгалагдаж байгаа хурандаа генерал Ж.Ёндонгийн гэрэл зургийн судалгаа” зэрэг сэдэвт үндсэн болон хавсралт илтгэлүүдийг хэлэлцүүллээ.