“МОНГОЛ ЦЭРГИЙН ТҮҮХ СУДЛАЛЫН ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс түүхт 45 жилийн ойгоо  тэмдэглэхээр олон ажлыг төлөвлөн хийж байна. Ойг угтсан ажлын хүрээнд Цэргийн түүх, сургамж судлалын төвийн үйл ажиллагааг сурталчлах, төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Х.Шагдарын хөдөлмөр бүтээлийг сурталчлах өдөрлөгийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Сүбээдэй” хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал доктор (Sc.D), профессор, хурандаа Б.Өлзийхуяг, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор хурандаа Д.Содномцог, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Ц.Цэрэндорж, “Монголын Артиллерийн цэргийн холбоо” ТББ-ыг төлөөлж бэлтгэл хурандаа Ж.Ванчинсүрэн, Монгол Улсын Ардын багш, доктор (Sc.D), профессор, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав, Соёмбо редакцын дарга, дэд хурандаа С.Ууганбаяр нарын хүндэт зочид болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэн багш нар, сонсогчид, БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачид, ХХЕГ-ийн Хил судлалын хүрээлэнгийн төлөөлөл, доктор (Sc.D), профессор Х.Шагдарын шавь нар, гэр бүлийн төлөөлөл оролцлоо.

Өдөрлөгийн арга хэмжээний эхэнд Цэргийн түүх, сургамж судлалын төвийн болон доктор (Sc.D), профессор Х.Шагдарын бүтээлийн үзэсгэлэн, доктор (Sc.D), профессор Х.Шагдарын ууган шавь Хилийн цэргийн бэлтгэл хурандаа Ж.Өвгөнбүргэдийн хувийн цуглуулгын үзэсгэлэнг ирсэн зочдод танилцууллаа.

Өдөрлөгийн эхэнд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал доктор (Sc.D), профессор, хурандаа Б.Өлзийхуяг өдөрлөгийн үйл ажиллагаанд баяр хүргэж үг хэлээд доктор (Sc.D), профессор Х.Шагдарт ҮБХИС-ийн удирдлагын гарын бэлгийг гардуулав.

 Цэргийн түүх, сургамж судлалын төвийн дарга, хошууч Т.Сүхбаатар төвийн өнгөрсөн жилүүдэд хийж гүйцэтгэсэн ажил болон  доктор (Sc.D), профессор Х.Шагдарын намтар бүтээлийн талаар товч танилцуулга хийлээ.

Түүнчлэн доктор Х.Шагдар “Чингис хааны цэргийн урлаг” сэдвээр сонирхолтой лекц уншиж, хүрэлцэн ирсэн зочдын асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.  

Монгол улсын ардын багш, доктор (Sc.D), профессор Г.Мягмаржав, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор (Sc.D), профессор О.Үржин, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор (Sc.D), профессор Ш.Паламдорж, доктор (Ph.D), дэд профессор Ч.Сосорбарам, доктор (Ph.D) Ц.Цэрэндорж, төрсөн ах бэлтгэл хурандаа Х.Чойжамц болон шавь нарын төлөөллөөс доктор (Sc.D), профессор Х.Шагдарт хүндэтгэл үзүүлж, сэтгэлийн үгээ хэлэв.

Тэд хэлсэн үгэндээ: “Х.Шагдар бол өөрийн амьдралын 30 гаруй жилийг цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд зориулж, дотоодод танигдсан төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн гэдгийг батлан хэлээд Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн хэмээх алдрыг хүртэх эрхтэй хүн мөн” хэмээн тодотголоо.

Доктор (Sc.D), профессор Х.Шагдар нь олон жил шүлэг яруу найраг туурвиж ирсэн бөгөөд түүний бичсэн “Зайвар”, “Олуулаа төрөх сайхан” бүтээлүүдийг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын мэргэжлийн уран бүтээлчид уншиж сонирхуулснаар үйл ажиллагаа амжилттай өндөрлөв.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter