БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААР ОНОЛ, ПРАКТИКИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэн үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд тус хүрээлэн “Инженерийн цэргийн холбоо” Төрийн бус байгууллагатай хамтран “Дэд бүтцийн барилга, материал үйлдвэрлэлийн технологи” сэдэвт онол, практикийн хурлыг 2023 оны 12 сарын 1-ний өдөр ҮБХИС-ийн “Сүбээдэй” олон улсын хурлын танхимд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний Инженерийн цэргийн дарга, хурандаа Ц.Ганхөлөг, ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан, БХЭШХ-ийн захирал, доктор (Ph.D), хурандаа Д.Содномцог,“Инженерийн цэргийн холбоо” ТББ-ын тэргүүн, бэлтгэл дэд хурандаа Ё.Ариунболд, БИЦУГ-ын Ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл хошууч генерал П.Доржсүрэн, БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачид, бүтээн байгуулалтад оролцсон инженерийн цэргийн үе, үеийн ахмад дайчид, ЗХ-ний болон БИЦУГ-ын инженерийн цэргийн ангиудын захирагч, ҮБХИС-ийн сурагч, сонсогч, оюутны төлөөлөл оролцлоо.

Тус онол, практикийн хурал улсыг хөгжүүлэх стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэгдсэн бүтээн байгуулалтын ажилд оролцож эзэмшсэн авто болон төмөр зам, гүүр, барилга, инженерийн байгууламж барих, зам барилгын материал үйлдвэрлэх технологийг Зэвсэгт хүчинд нэвтрүүлэх, туршлага, сургамжийг судлах, шинэ мэдлэг, мэдээлэл бий болгох, хэрэглэгч, судлаач, суралцагсдын хүртээл болгох зорилготойгоор зохион байгуулагдсан юм.

Эрдэм шинжилгээний хурлаар “Зэвсэгт хүчнийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад оролцуулах эрх зүйн шинэчлэл, мэргэжлийн удирдлага, Зэвсэгт хүчний гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдол, боломж, цаашдын чиг хандлага, бусад орны туршлага”,” “Бүтээн байгуулалтын хүрээнд гүйцэтгэсэн инженерийн ажлын төсөллөлт, Зэвсэгт хүчинд нэвтрүүлсэн инженерийн ажлын технологи, бусад орнуудын хөгжил, дэвшил”, “Монгол орны говь, хангайн бүсэд тусгай зориулалтын хүнд даацын хатуу хучилттай автозам барих техникийн шаардлага, технологи, хөгжлийн чиг хандлага”, “Монгол орны говийн бүсэд төмөр замын суурь бүтэц барих, дээд бүтэц барих техникийн шаардлага, технологи, хөгжлийн чиг хандлага”, “Авто болон төмөр замын гүүр барих стандарт, техникийн шаардлага, технологи, бусад орны жишиг, хөгжлийн чиг хандлага”, “Говийн бүсэд иргэний болон цэргийн барилга, инженерийн байгууламж барих онцлог, техникийн шаардлага, технологи”, “Говийн бүсэд бетон зуурмаг үйлдвэрлэх, бетон хийц бэлтгэх, үйлдвэрлэх техникийн шаардлага, технологи”, “Монгол улсын говь, хангайн бүсэд зам, барилгын зориулалтаар дүүргэгч материал үйлдвэрлэх онцлог, техникийн шаардлага, технологи”, “Бүтээн байгуулалтын үеийн инженерийн техникийн хангалт, цэргийн тээвэрлэлтийг зохион байгуулах онцлог, засварын технологи”, “Бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний инженерийн цэргийн оролцоог нэмэгдүүлэх дэвшилтэт технологи, хэрэгцээт шаардлага” зэрэг сэдэвт үндсэн болон хавсралт илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

            Хурлын үеэр стратегийн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг харуулсан самбар, зурагт хуудас зэргийг дэлгэн харуулсан байлаа.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter