БХЭШХ 45 ЖИЛИЙН ОЙДОО БЭЛТГЭЖ БАЙНА

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойг 2024 оны 5 дугаар сард тэмдэглэнэ.

Монгол Улсын аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлс, орчин цагийн Зэвсэгт хүчний хөгжилд тус хүрээлэнгийн оруулсан хувь нэмэр их бөгөөд төр засаг, салбарын удирдлагаас үргэлж анхааран ажиллаж ирсэн билээ.

Хүрээлэн нь шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх төр, засгийн бодлого, үйл ажиллагаанд цэргийн шинжлэх ухааны судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн.

Тиймээс тус хүрээлэнгийн 45 жилийн хугацаанд гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сурталчлах, улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын бодлогыг боловсруулах, тодорхойлоход оруулсан хувь нэмрийг үнэлэн, дүгнэх, цаашид судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөвийг тодорхойлох зорилгоор “Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 45 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирлаар батлуулан хэрэгжүүлж эхлээд байна.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд нийт 21 томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, БХЭШХ-ийн “Брэнд ном”, “БХЭШХ-45” түүхийн зурагт ном, богино хэмжээний баримтат кино хийхээр төлөвлөсөн бол хүрээлэнгийн үйл ажиллагааг “Соёмбо” сонин, “Дуулга” студи бусад хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй хамтран сурталчлах ажлыг төлөвлөжээ. Түүнчлэн ахмад залуу үеийн холбоог сайжруулах, туршлага, солилцох уулзалт, ярилцлага, төвийн өдөрлөг зохион байгуулах, залуу судлаачдыг хөгжүүлэх сургалтад хамруулах зэрэг томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр зорьжээ.