“Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Итгэлцлийг бэхжүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалах их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран 2013 оноос эхлэн жил бүр Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ жилийн хурлыг БХЯ байгуулагдсаны 110 жилийн ойд зориулан “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Итгэлцлийг бэхжүүлэх нь” сэдвээр ҮБХИС-ийн олон улсын хурлын “Сүбээдэй” танхимд 2021 оны 12-р сарын 21-ний өдөр зохион байгуулагдаж байна. Хуралд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Монгол, Будда, Түвэд судлалын хүрээлэнгийн судлаач Юлия Григорьева, БНХАУ-ын Олон улсын стратегийн хүрээлэнгийн ахлах судлаач Жан Вэй нарын хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.

Тус хурал нь 2 хэсгээс бүрдэж байгаа бөгөөд нэгдүгээр хэсгийн БХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга хурандаа С.Ванчинхүү, хоёрдугаар хэсгийг БХЯ-ны гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Б.Бат-Эрдэнэ нар тус тус удирдан явууллаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго нь 1990 оноос хойш Монгол Улсын батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, улс орнуудын аюулгүй байдлын тулгамдаж буй асуудлуудын талаарх судлаачдын санал, судалгааны ажлын үр дүн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх явдал юм.

Түүнчлэн “Зүүн хойд азийн аюулгүй байдал: Итгэлцлийг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд гадаадын улс орнуудаас ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвд, Будда судлалын хүрээлэн, БНХАУ-ын Олон улсын стратеги судлалын хүрээлэн, Японы Рицүмэйканы их сургууль, дотоодын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Стратеги судалгааны хүрээлэн, Аюулгүй байдал судлалын хүрээлэн, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Гамшиг судлалын хүрээлэн, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн, Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль, Монголын Дипломатын Академи, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэн, Евразийн стратеги судлалын хүрээлэн зэрэг 10 гаруй байгууллагын судлаачид Зүүн хойд Азийн аюулгүй байдал, итгэлцлийг бэхжүүлэх асуудлаар илтгэл хэлэлцүүллээ.

Монгол Улс одоогийн байдлаар гадаадын 32 улстай батлан хамгаалах салбарт харилцаа тогтоон хамтын ажиллагаатай байгаагаас 16 улстай идэвхтэй харилцдаг. Мөн манай улсаас 10 орчим улсад цэргийн атташе хавсран суулгадаг бол тус хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, АНУ, БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх цэргийн атташе нар уригдан оролцож, санал бодлоо илэрхийлэв.

Мөн энэ удаагийн хурлаар Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлтүүд, цаашдын чиг хандлага, бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд цэргийн дипломатын болон эдийн засгийн бодлогын үүрэг, 2022 онд Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын орчин хэрхэн хувьсан өөрчлөгдөх талаар болон бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд Монгол Улсын оролцооны талаар сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Цаашид Монгол Улс улс дэлхий нийтийн болон бүс нутгийн тулгамдсан асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхэд идэвхтэй оролцож, олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, энхийг дэмжих чадавхаа бэхжүүлэхэд хамтран ажиллахад ихээхэн ач холбогдолтой хурал болж буй юм.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter