Монгол Улсын Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалах их сургууль болон Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Зүүн хойд Азийн аюулгүй байдал ба Солонгосын хойгийн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний ээлжит хурлыг ҮБХИС-ийн олон улсын хурлын танхимд 2019 оны 5 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулж явууллаа.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ-ын ЗХЖШ-ын Академи, ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэн, БНХАУ-ын ХАЧА-ийн Батлан хамгаалахын их сургууль, БНСУ-ын Батлан хамгаалах дүн шинжилгээний хүрээлэн, Япон Улсын Батлан хамгаалах судлалын хүрээлэн, АНУ-ын Жонс Хопкинсийн их сургууль, ИБУИНВУ-аас БНСУ-д суух элчин сайдын яам, ИБУИНВУ-аас БНХАУ-д суух элчин сайдын яамны төлөөлөл болон Чех Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, БНХАУ-д суух элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, Австрали Улсаас БНСУ-д суух элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, Польш Улсаас БНХАУ-д суух элчин сайдын яамны тэнгисийн цэрэг, агаарын цэргийн атташе, ХБНГУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам цэргийн атташе, Унгар Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе зэрэг гадаадын 14 улсын 40 орчим төлөөлөгч оролцсон.
Мөн Монголын талаас Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, ҮАБЗ-ийн Ажлын алба, УИХ-ын Тамгын газар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Азизов И.К, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Р.Синх, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Хан Чол Мин болон Монгол Улсад суугаа ЭСЯ-дын дэргэдэх ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ, Япон, БНТУ-ын батлан хамгаалахын атташе нарын 70 орчим төлөөлөгч оролцлоо.
Олон улсын хурал “Зүүн хойд Азийн аюулгүй байдал ба Солонгосын хойгийн асуудал”, “Солонгосын хойгт цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх асуудал”, “Солонгосын хойгт энх тайван, аюулгүй байдлыг тогтоох асуудал ба бүс нутгийн орнуудын оролцоо” сэдэвт 3 салбар хуралдаанд хуваагдаж нийт 15 илтгэл хэлэлцэгдсэн.