Эрдэм шинжилгээ, судалгааны ажил, үйлчилгээг олон улсын нийтлэг жишигт хүргэхээр ажил үүргээ гүйцэтгэж буй Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цахим хуудаст зочилж буй Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Манай хүрээлэн цэргийн шинжлэх ухааны суурь болон хавсрага судалгаа явуулж, батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаанд дүгнэлт хийх, шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэх эрхэм зорилгод эрдэм ном, бүтээл туурвилын их үйлсээ зориулан 45 дэх жилтэйгээ золголоо.

Монгол Улсын төрөөс шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх, судалгаа хөгжүүлэлтийн ажлын чанар, үр өгөөж, үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарч, хөгжлийн бодлогоо шинжлэх ухаанд суурилан тодорхойлох чиглэлийг баримталж байна.

Төрөөс шинжлэх ухааны талаар баримтлаж буй бодлогын хүрээнд батлан хамгаалах салбар, тэр дундаа аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, үндэсний цэргийн урлаг, технологи дамжуулалт, реинженеринг, цэргийн түүхийн чиглэлээр судалгаа хөгжүүлэлтийн ажлыг шинэ шатанд гаргахаар зорьж байгаагаа шинжлэх ухаанаар овоглосон хүрээлэнгийнхээ эрдэмтэн судлаачдыг төлөөлөн Та бүхэнд дуулгахдаа таатай байна.

Та бүхэн манай цахим хуудсаар зочилж, мэдээлэл авч бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Эрдэмтэн судлаачдын туурвисан, бүтээсэн болгон Эх орны маань хөгжилд ашиглагдаж, туурга тусгаар Монгол Улсын тусгаар тогтнол бат сайхан орших болтугай.

 ЗАХИРАЛ, ДОКТОР (Ph,D), ДЭД ПРОФЕССОР, ХУРАНДАА Д.СОДНОМЦОГ