Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 101 жилийн ой болон “Монгол цэргийн өдөр”-ийг угтаж “ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БҮРДҮҮЛЭХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2022 оны 3-р сарын 07-ны өдөр боллоо.
Энэхүү онол-арга зүйн эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын үзэл баримтлал, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүрдүүлэх онол, арга зүйг боловсруулах, тэдгээрт тулгуурласан бүх нийтийн оролцоо бүхий батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо, орон нутгийн хамгаалалтын чадавхыг нэмэгдүүлэхэд Зэвсэгт хүчнээс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох талаарх эрдэмтэн судлаачдын санал, дүгнэлт, туршлага, сургамж, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд оршиж байна.
Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүрдүүлэх үзэл баримтлал, онол, арга зүйн агуулгын талаар шинжлэх ухааны үндэслэл бүхий тайлбар, гаргалгааг гаргах, хурлын илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүлж, сургалт, судалгааны эргэлтэд оруулах үндсэн зорилт тавьсан бөгөөд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын үзэл баримтлал боловсруулах онол, практикийн үндэсийг тавих, өөрийн улсын нөхцөл, бүх нийтийн оролцоонд тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо, батлан хамгаалах шинэ зорилт, үүрэг, орон нутгийн хамгаалалт, Зэвсэгт хүчний оролцоо дэмжлэгтэй холбох асуудлыг хөндөн шүүн хэлэлцэх боломжийг олгосноор шинэлэг, асуудал дэвшүүлсэн хурал болсон гэж үзэж байна.
Энэхүү хурлын эмхэтгэл нь цэргийн захиргааны болон мэргэжлийн удирдлагыг гардан хэрэгжүүлэгч бүх шатны удирдах даргалах офицерууд төдийгүй Зэвсэгт хүчнийг төрийн захиргааны удирдлагаар хангах албан тушаалтан нар, түүнчлэн энэ чиглэлээр судалгаа хийж буй судлаач нар сургалт, судалгаандаа ашиглах, амьдрал практикт хэрэгжүүлэхэд нь ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.