ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 78 ЖИЛИЙН ОЙ
Энэ жил буюу 2023 онд чөлөөлөх дайны ялалтын 78 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ялалтын үнэ, цэнэ, цэрэг эрсийн байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, залуу хойч үеийнхний эх оронч-үндэсний үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор манай улс жил бүрийн есдүгээр сарын эхээр дайны ялалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
XX зуунд Монголын ард түмэн, Зөвлөлтийн улаан армитай мөр зэрэгцэн хоёр удаагийн дайнд мордож, ялалт байгуулсан түүхтэй. 1939 оны Халхын голын дайн нь дэлхийн II дайны эхлэл байсан бөгөөд Монгол ардын хувьсгалт цэрэг эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалан тулалдсан юм.
Европ тив дэх дайн 1945 оны 5 дугаар сард ЗХУ-АНУ, Англи тэргүүтэй холбоотны ялалтаар дуусаж, Алс Дорнодод дайныг үргэлжлүүлж байсан Японы эсрэг мөн гурван гүрний Ялтын бага хурлын шийдвэрээр Зөвлөлтийн улаан арми дайнд орох болсон бөгөөд эдгээр холбоотны талд үргэлж баттай зогссон БНМАУ энэхүү дайнд оролцож, 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын бага хурал ба Засгийн газраас “Японд дайн зарлах тухай Тунхаглах бичиг” гаргаж Японд дайн зарласан билээ. Японд дайн зарласантай холбогдуулан маршал Х.Чойбалсан хэлсэн үгэндээ: “Дайнд оролцох болсон гол зорилгоо төрийн тусгаар тогтнолоо бататгах, монгол овогтон нэгэн улс гэр болох, бүх монгол үндэстнийг чөлөөлж нэгдүүлэх, тусгаар тогтносон бүрэн эрхт, нэгдмэл, эрх чөлөөт улс болох” хэмээн тодорхойлжээ.
БНМАУ энэ дайнд орох болсон учир шалтгаан нь зөвхөн 1945 онд бус түүнээс ч өмнө бүрэлдэн бий болсон юм. Японтой дайтах төлөвлөгөөг ЗХУ 1940-өөд оны эхнээс удирдлагын янз бүрийн түвшинд боловсруулж ирсэн бөгөөд 1943 онд Тегеранд болсон холбоотон гүрнүүдийн удирдагч нарын уулзалтаар энэ асуудлыг зарчмын хувьд тохиролцон улмаар 1945 оны Ялтын бага хурлаар албан ёсны шийдвэрт хүрсэн ажээ.
Зөвлөлтийн цэргийн дээд командлал Алс Дорнод дахь Японы Квантуны армийг бут цохихын тулд Өвөр Байгалийн буюу БНМАУ-ын нутаг дэвсгэрийн дорнод мөргөцөг, Тамсагбулагийн районы зүгээс цохилт өгөхөөр эртнээс төлөвлөж байсан тул БНМАУ-ын нутаг дэвсгэрийн энэхүү ашигтай байрлал нь японы эсрэг дайнд монголыг оролцуулах нэг нөхцөл нь болсон юм.
Японы эсрэг дайнд БНМАУ оролцох болсон улс төрийн өөр нэг учир шалтгаан нь түүний тусгаар тогтнолын асуудалтай зүй ёсоор холбогдох юм. Ялтын бага хурал дээр Японы эсрэг дайнд орохын тулд ЗХУ хэд хэдэн болзол тавьсны нэг нь БНМАУ-ын статус квог хэвээр хадгалах явдал байв. Мөн хурал дээр тохиролцсоны дагуу ЗХУ нь Японы дарлалаас чөлөөлөхөд Хятадад туслах, ДИУ (Дундад Иргэн Улс)-ын Засгийн газартай “Холбоо, найрамдлын тухай гэрээ” байгуулах үүрэг авсан юм. Үүний дагуу ЗХУ, ДИУ-ын хэлэлцээр 1945 оны 6 дугаар сарын сүүлчээр Москвад эхэлсэн бөгөөд энэхүү хэлэлцээр 8 дугаар сарын дунд үе хүртэл үргэлжилж, хоёр тал санал нийлэхгүй удтал маргалдсан бөгөөд тэрхүү маргаан нь БНМАУ-ын тусгаар тогтнол байв.
Сталин тэргүүтэй ЗХУ-ын удирдлага БНМАУ-ыг тусгаар тогтнуулах явдал Зөвлөлтөд хэчнээн их чухал болох, тэр нь Хятадад ч мөн адил ашиг тустай зүйл бөгөөд, учир нь БНМАУ-ыг тусгаар тогтнуулахгүй аваас Гадаад, Дотоод Монгол нэгдэн нийлж Зөвлөлт, Хятадын аль алинд нь аюул занал учруулна, хятадууд та нар бидний энэ болзлыг хүлээн авахгүй, бидний тусламж хэрэггүй гэж байгаа бол, Японтой дангаараа байлдаж бут цохиж чадах юм бол бид ийм шаардлага тавихгүй байсан гэх зэргээр учирлах, ятгах, сүрдүүлэх зэргээр өөрсдийн байр суурийг тулган хүлээлгэжээ. Эцсийн эцэст ДИУ-ын эрх баригчид БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлыг хэд хэдэн болзолтойгоор хүлээн зөвшөөрсөн юм.
Ийнхүү манай дайчид ах дүү Өвөр Монголын хийгээд мөнхийн хөрш хятадын ард түмнийг харийн дарлалаас чөлөөлөх, өөрийн улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг ДИУ-аар хүлээн зөвшөөрүүлж, тусгаар тогтнолоо баталгаажуулахын төлөө дайнд мордсон түүхтэй.
Монгол Улс тэр дайны өдрүүдэд идэр насны залуучуудыг цэрэгт дайчлан татаж, үйлдвэр, аж ахуйн ажилчид ээлжийн амралтгүйгээр уртасгасан цагаар ажиллаж байсан нь Монголын ард түмэн нийтээрээ дайны ялалтын төлөө зүтгэсний баримт нотолгоо болж түүхэнд үлджээ.
БНМАУ-ын Цэргийн яамны сайд маршал Х.Чойбалсангийн удирдлага дор хурандаа генерал Исса Александрович Плиев, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нарын командалсан Монгол, Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг нь Өвөр байгалийн фронтын баруун жигүүрийг хамгаалж, Долоннуур, Жэхэгийн чиглэлд гол цохилтыг, Хаалганы чиглэлд туслах цохилтыг хийх үүрэг хүлээжээ.
Монгол ардын хувьсгалт цэрэг шатам халуун нар, тасралтгүй асгарах аадар борооноор элчилгүй өргөн цөл, үерлэж догширсон хэдэн арван гол мөрнийг туулан, туйлын богино хугацаанд 1000 гаруй км давшиж, монгол цэргийн тэсвэр тэвчээр, монгол морины шандас хатуужлын гайхамшгийг үзүүлэн ялалт байгуулалцсан юм. Энэ ялалтын түүхэн ач холбогдол нь бидний ахмад үе, ахмад дайчид монголын эрх чөлөө, тусгаар тогтнолыг байлдан олж авсанд оршино.
Чөлөөлөх дайны ялалт нь зөвхөн Монгол Улсын төдийгүй бүс нутгийн ач холбогдолтой үйл явдал байсан билээ. Энэ дайны ялалтын үр дүнд Зүүн өмнөд Азийн олон улс орон чөлөөлөгдөж тусгаар тогтнолоо олж авсан юм.
Тэр тусмаа Зөвлөлт, Монголын цэрэг Өвөр Монгол, Зүүн хойд Хятад орныг чөлөөлснөөр Хятад улс тусгаар тогтносон улс болох үйл явцад эергээр нөлөөлж 1949 онд БНХАУ тусгаар тогтнолоо зарласан билээ. Чөлөөлөх дайны явцад Монгол, Зөвлөлтийн цэрэг Хятадын армитай нэг зорилгын төлөө мөр зэрэгцэн тулалдсан нь Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хамтын ажиллагааны шинэ хуудас болон үлджээ.
Дэлхийн дайны сүүлчийн галыг унтраасан монгол, зөвлөлтийн дайчдын гавьяаг үнэлж гаргасан ЗСБНХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий дээд командлагчийн тушаалд “ЗХУ-ын маршал Малиновскийн командалсан Байгалийн өмнөх фронтын цэрэг, маршал Чойбалсангийн Монгол армитай хавсарч Японы Манж-Жалай нуур ба Халуун рашааны бэхэлсэн районыг цөмлөн Их Хянганы нурууг даваад Монголын цөл хээр газрыг гатлан 950 км урагш давшиж Манжийн том хот Чанчунь, Мукден, Цицигар, Жэхэ, Дайрэн, Порт-Артур хотуудыг эзлэв. Алс Дорнодын байлдаанд Монголын армийн хошууч генерал Ч.Доржпалам, хурандаа М.Цэдэндаш, хурандаа Г.Дорж, дэд хурандаа М.Одсүрэнгийн морин цэргүүд … хурандаа Д.Нянтайсүрэнгийн танкчид гарамгай байлдав.
ЗСБНХУ-ын зүгээс дайны үр дүнг “Өнөөдөр 8 дугаар сарын 23-ны 22 цагт манай эх орны нийслэл Москва хот эх орныхоо өмнөөс … манай эрэлхэг Байгалийн өмнөх ба Алс Дорнодын цэрэг, Номхон далайн флот, мөн маршал Чойбалсангийн Монгол армид гурван зуун хорин дөрвөн их буугаар хорин дөрвөн удаа зэрэг зэрэг буудаж ёсолъё” гэж дүгнэсэн байна.
1945 оны “Чөлөөлөх дайн” нь цэрэг-улс төрийн үр дүн, байлдааны ажиллагааны далайц, хамарсан дайны ажиллагааны театрын цар хүрээ, цэргийн урлагийн түвшин зэрэг олон зүйлээрээ дэлхий дахины цэргийн хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй билээ.
Дэлхийн II дайны сүүлчийн шатанд Квантуны арми ахар богино хугацаанд сүйрч, Сахалин, Курилийн аралд байсан Японы цэргийг бут ниргэж Манжуур, Солонгост байсан Японы эдийн засгийн баазуудыг нураасан явдал Японы Засгийн газрыг 1945 оны 9 дүгээр сарын 2-нд үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурахад хүргэсэнд энэхүү ялалтын улс төрийн гол ач холбогдол оршино. Манай ард түмэн дэлхийн II дайны турш фашист түрэмгийллийн эсрэг дэвшилт хүн төрөлхтний хамт тууштай тэмцсэнээр Монгол улсын нэр хүнд өсөж тусгаар тогтносон байдлыг улам бэхжүүлсэн билээ. Зүүн хойд Хятадад Японы цэргийн томоохон бүлэглэлийг устгаснаар манай улсад учруулж байсан эзлэн түрэмгийлэх аюул арилж, Монгол улс тайван цагийн бүтээн байгуулалтын ажилд шилжин орсон билээ.
Өнөөгөөс далан найман жилийн тэртээд болсон Чөлөөлөх дайн хэдийгээр түүх болон улирч байгаа ч энэ үйл явдал монголчууд бидний хувьд хамгийн эрхэм, үнэт зүйл болох тусгаар тогтнолтой хамгаас илүү холбогдож байсныг мартах учиргүй.
Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд Чөлөөлөх дайны ахмад дайчдын оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг өнөө болон хойч үеийнхэнд мөнхөд дурсагдах төдийгүй монгол цэргийн түүхийн хуудаснаа хүндтэй байр эзлэх нь дамжиггүй.
БХЭШХ-ИЙН ЦТССТ-ийн ЭШТА, доктор (Ph.D), профессор Т.Эрдэнэхишиг
БХЭШХ-ИЙН ЦТССТ-ийн ЭША, дэд хурандаа, доктор (Ph.D) Н.Хүдэрбат
