“ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойг угтан “Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахад тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, эрдэмтэн судлаачид оролцож, аюулгүй байдал болон батлан хамгаалахын суурь ухагдахуун, нэгдмэл ойлголт, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитик, олон улсын харилцаа улам нарийн төвөгтэй болж, аюулгүй байдлын орчны хурдацтай хувьслыг даган аюул, заналын талаарх ойлголт өөрчлөгдөж байна. Энэ үед салбарын бодлого боловсруулагчид болон эрдэмтэн судлаачдын дунд мэтгэлцээн өрнөж, шийдлийн гарц гаргалгааг эрэлхийлж байгаагаараа онцлог төдийгүй цаашлаад шинжлэх ухаанд суурилсан салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг төгөлдөржүүлэхэд хэлэлцүүлгийн зорилго, ач холбогдол оршсон юм.

БХЭШХ-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Д.Содномцог хэлэлцүүлгийн талаар “Батлан хамгаалахын сайдаас өгсөн үүргийн дагуу “Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахад тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг анх удаа зохион байгууллаа. Цаг үеэ мэдэрсэн хэлэлцүүлэг гэж ойлгож байна. Батлан хамгаалах гэдэг бол өргөн хүрээтэй ойлголт. Улс орны, төр, нийгмийн болоод хүний аюулгүй байдлыг хангахад ихээхэн түлхэц өгөх хэлэлцүүлэг боллоо. БХЭШХ-ийн хувьд энэ онд цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулахаар төлөвлөж, энэ хүрээнд ажиллаж байна. Бусад салбар үүнийг дэмжин хүлээн авч байгаа. Ялангуяа БШУЯ идэвхтэй оролцож байна. Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор бидний хувьд хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгэм эдийн засгийн өсөлтийг бий болгох, аюулгүй байдлыг батлан хамгаалах гэсэн тулгын гурван чулууны ойлголтыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй гэдгийг чухалчилж байгаа. Энэ асуудал бодлогын болоод эрх зүйн баримт бичгүүдэд тусгагдаж баталгаажих чиглэлтэй байна” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг зөвхөн цэрэг, дайны аюулаас хамгаалдаг гэдгээр нь ойлгож болохгүй гэдэг асуудал хөндөгдсөн. Тухайлбал Монгол оронд зудын гамшиг нүүрлэсэн энэ цаг үед Зэвсэгт хүчний 20 орчим ангийн алба хаагчид малчдад туслах, өвс тэжээл хүргэх, зам харгуй нээх зэргээр тасралтгүй үүрэг гүйцэтгэж байгааг үүний илрэл гэж болно.

Түүнчлэн хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хуурайшилт, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд манлайлан оролцохын зэрэгцээ улс орны, аюулгүй байдлыг хангах, хүний амьдралын орчныг сайжруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг хуралд оролцогсод онцолж байв.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter