ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН ТҮҮХЭЭР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэн үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд тус хүрээлэн “Инженерийн цэргийн холбоо” Төрийн бус байгууллагатай хамтран “Зэвсэгт хүчний инженерийн цэргийн түүхэн хөгжил, хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 11 сарын 3-ны өдөр ҮБХИС-ийн “Сүбээдэй” олон улсын хурлын танхимд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, хурандаа С.Ванчинхүү, ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний Инженерийн цэргийн дарга, хурандаа Ц.Ганхөлөг, ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан, БХЭШХ-ийн дэд захирал, доктор (Ph.D), хурандаа Т.Мөнх-оргил,“Инженерийн цэргийн холбоо” ТББ-ын тэргүүн, бэлтгэл дэд хурандаа Ё.Ариунболд, “Инженерийн цэргийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал, Монгол улсын “Гавъяат барилгачин” Ц.Шинэзориг, МАА-ийн 014 дүгээр ангийн захирагч асан, бэлтгэл хурандаа Я.Цэнджав, Монгол улсын “Үйлчилгээний гавъяат ажилтан”, бэлтгэл хурандаа С.Сайнцог, БИЦУГ-ын Ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл хошууч генерал П.Доржсүрэн, БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачид, инженерийн цэргийн үе, үеийн ахмад дайчид, ЗХ-ний болон БИЦУГ-ын инженерийн цэргийн ангиудын захирагч, ҮБХИС-ийн сурагч, сонсогч, оюутны төлөөлөл оролцлоо.

Тус эрдэм шинжилгээний хурал Зэвсэгт хүчинд Инженерийн цэрэг үүсэн байгуулагдаж, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, баруун хил хязгаарын байлдаан,дайны дараахь энх цагийн болон өнөөгийн улсыг хөгжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэгдсэн стратегийн бүтээн байгуулалтад оролцсон түүхэн баримтад тулгуурлан он цагийн хэлхээс, батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмэр, туршлага, сургамжийг судлан бодит үнэлгээ гаргах, цэргийн цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготойгоор зохион байгуулагдсан юм.

Эрдэм шинжилгээний хурлаар “Зэвсэгт хүчний инженерийн цэргийн түүхэн хөгжил, хөгжлийн чиг хандлага”, “Зэвсэгт хүчний инженерийн цэргийн үүсэл хөгжил, эх орноо батлан хамгаалах, энх цагийн бүтээн байгуулалтад оролцсон түүхэн сургамж ач холбогдол”,“Инженерийн цэргийн удирдлагын онол,практикийн асуудал, инженерийн хэлтэс байгуулагдсан түүх, хөгжлийн онцлог”, “ҮБХИС-д болон бусад оронд инженерийн мэргэжилтэнг бэлтгэсэн туршлага сургамж, хэрэгцээ шаардлага”,“Монголын Ардын армийн дивиз, тусгай хороодын инженерийн тусгай батальонуудын үүсэл хөгжил, гүйцэтгэсэн үүрэг”,”Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудын инженерийн алба, инженерийн төв агуулах, засварын салбарын цехийн үүсэл, хөгжил, Инженерийн зэвсэглэл, техникийн хангалтын шинэчлэл”,”ЗХЖШ болон төрлийн цэргийн командлалуудын харьяа ангиудын инженерийн алба, инженерийн төв агуулах,засварын цехийн үүсэл хөгжил”,”Зэвсэгт хүчний 014, 234, Ардын армийн 144, 202, 199 дүгээр ангийн үүсэл хөгжил, үндсэн үүрэг, бүтэц зохион байгуулалт” зэрэг сэдэвт үндсэн болон хавсралт илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Хурлын үеэр “Монгол цэргийн музейд хадгалагдаж байгаа дэслэгч генерал Л.Моломжамцын эд өлгийн зүйлс, МАА-ийн инженерийн ангиудын байлдааны туг, “Инженерийн цэргийн холбоо” ТББ-ын  үйл ажиллагааг харуулсан самбар, инженерийн цэргийн техник зэвсэглэлийн макет зэргийг дэлгэн харуулсан байлаа.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter