“Афганистаны сургамж” хэлэлцүүлэг боллоо Хэвлэх

ҮАБЗ-ийн өгсөн үүргийн дагуу “Афганистаны сургамж” хэлэлцүүлгийг ҮАБЗ-ийн харьяа Стратеги судалгааны хүрээлэн, ҮБХИС-ийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Үндэсний Тагнуулын Академийн харьяа Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Монголын Дипломатын академи 2021 оны 10 дугаар сарын 06-нд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан БХЭШХ-ээс салбарын хүрээнд “Афганистанд явагдсан байлдааны ажиллагааны туршлага, сургамж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг  2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Бүс нутгийн төдийгүй олон улсын тавцанд аюулгүй байдлын олон талт асуудлыг хөндөж байгаа өнөөдрийн Афганистаны нөхцөл байдал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Афганистанд явагдсан Эвслийн цэргийн ажиллагаанд Монгол Улсын ЗХ-ний бүрэлдэхүүн 2003-2021 онд 18-н жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн байна.

“Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд үүрэг гүйцэтгэсэн Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн төлөөлөл; “Аюулгүй байдлыг хангах олон улсын хүчин” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Нисдэг тэрэгний техникийн засвар үйлчилгээний сургалтын бүлгийн төлөөлөл; “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин” болон “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд цэргийн аюулгүй байдал, хамгаалалтын үүргийг гүйцэтгэсэн цэргийн багуудын төлөөллүүд өөрсдийн цэргийн багийн үйл ажиллагааны онцлог, туршлага, сургамжийн санал бодлоо илэрхийллээ.