“Иргэдийг хамгаалах хариуцлага” эрдэм шинжилгээний бага хурал Хэвлэх

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн Хамгаалах хариуцлагын Ази, Номхон далайн төвтэй хамтран “Иргэдийг хамгаалах хариуцлага” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг энэ 5 дугаар сарын 5 ны өдөр зохион байгууллаа. Тус бага хуралд Австралийн Брисбэн хот дахь Куйнсландын их сургууль дээр төв нь байрладаг Хамгаалах хариуцлагын Ази, Номхон далайн төвийн гүйцэтгэх захирал, Филиппиний хөтөлбөрийн зохицуулагч доктор Ноэл Морадо, төвийн гадаад хамтын ажиллагаа хариуцсан захирал хатагтай Сара Тэйт нар хүрэлцэн ирлээ.
Бага хуралд “Хамгаалах хариуцлага: түүх ба хөгжил” илтгэлийг хатагтай Сара Тэйт /АНУ/, “Хамгаалах хариуцлагыг хэрэгжүүлэхэд Ази, Номхон далайн орнуудын үүрэг ба зохицуулалт” илтгэлийг доктор Ноэл Морадо
/Филиппин/, “НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаа ба Монгол улсын оролцоо: Туршлага, сургамж” илтгэлийг БХУА-ийн Энхийг дэмжих ажиллагааны тэнхимийн дарга, дэд хурандаа Ц.Гандорж, Олон улсын эрүүгийн шүүхийн  дүрмийг Монгол улсын эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хуультай харьцуулан үзэх нь” сэдвээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд, Төрийн удирдлага, бодлого судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Бат-Ерөөлт нар хоёр өөр өнцгөөс илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
Илтгэлүүдийн хэлэлцүүлэг, ярилц-лагын явцад Ромын дүрмээр заагдсан аймаглан устгах |genocide|, цэргийн гэмт хэрэг |war crime|, угсаатны цэвэрлэгээ |ethnic cleansing|, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг |crime against humanity| зэргээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах талаар олон улсын хамтын нийгэмлэгээс авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээний үр дүн, туршлага сургамжийг бодит жишээн дээр тулгуурлан шүүн хэлэлцэж, олон улсын эрх зүйн хэм хэмжээ орчин үеийн шаардлагад хэрхэн нийцэж буй тухайд судлаачид санал бодлоо уралдуулав.
Бага хуралд монголын талаас БХЯ, ГХЯ, ЗХЖШ, ҮАБЗ-ийн Ажлын алба, Хүний эрхийн Үндэсний комисс,  БХИС, МУИС-ийн ОУХС, Удирдлагын академи, Стратегийн судалгааны хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Төрийн удирдлага, бодлого судлалын хүрээлэн, Хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллага зэрэг төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, ажил хэрэгч ярилцлага өрнүүлэн, нэгдсэн ойлголтод хүрлээ. Ярилцлагын явцад МУИС-ийн ОУХС-ийн багш, доктор Баттогтохын Монгол Улсын аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчны асуудлаар хийсэн судалгааны ажлын үр дүнгийн мэдээлэл онцгой анхаарал татаж байлаа.