НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

“ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН-80” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА PDF Хэвлэх


Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах Засгийн газрын хороо, Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу “Халхын голын дайн - 80” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ҮБХИС-ийн Олон улсын хурлын танхимд 2019 оны 8-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 Олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Халхын голын дайны талаар гадаад дотоодын эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэж эрдэм шинжилгээний ажлын эргэлтэд оруулах, дайнд оролцогч талуудын болон бусад улс орнуудын байр суурь, үзэл баримтлалыг сонсон үнэлэлт дүгнэлт хийх, цаашдын хамтын ажиллагааны чиг баримжааг тодорхойлох, Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг хойч үедээ өвлүүлэх эрхэм зорилго агуулж байв. Хурал нь өмнө тавьсан зорилгоо амжилттай биелүүлсэн байна.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ: Монгол, Зөвлөлтийн армийн дайчид мөр зэрэгцэн тулалдаж, Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг халуун амь, бүлээн цусаараа хамгаалсан нь хоёр орны ард түмний зүрх сэтгэлд гүн гүнзгий ул мөрөө үлдээж, манай улсын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг юм. Ийм ч учраас манай ард түмэн 1940 оноос эхлэн ялалтын баярыг уламжлал болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жил Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг дэлхий дахинд дайн дажингүй, амар амгалан байж, улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үзэл санаан дор өргөн дэлгэр тэмдэглэж байна. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал ч мөн энэ л үзэл санаан дор болж байгаа гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй хэмээн цохон тэмдэглэв.

Хуралд оролцогчид болон хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэж Монгол Улсын ЕТГ-ын дарга З.Энхболд, Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нар баяр хүргэж үг хэлэв.

Уг олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын ЗГ, БХЯ, УИХ-ын АБГББХ, ҮАБЗ, ЕТГ, ЗХЖШ, ҮБХИС, ТЕГ, ҮТА, АБСХ, ССХ, ОУХХ, ТАХ, ГСХ, ХХЕГ, ОБЕГ, МУБИС, МУИС, ДХИС, Гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчид, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улсын эрдэмтэн, судлаачид МЦМ, БХТА, ЗХЖШ-ын ахмадын хороо, БХЭШХ, ахмад судлаач, эрдэмтэд болон бусад зочид  төлөөлөгчид оролцлоо.

Хурлаар хэлэлцсэн судалгааны сэдвийн хамрах хүрээ нь дараах асуудлуудад чиглэж байлаа. Үүнд:

  1. Ц.Батбаяр. “Халхын голын дайныг тойрсон их гүрнүүдийн геополитик: БНМАУ-ын тусгаар тогтнол батжиж бэхэжсэн нь”
  2. Х.Шагдар. “Халхын голын дайны цэргийн урлаг”
  3. Ш.Паламдорж. “Халхын голын дайны үеийн БНМАУ-ын нийгэм, улс төрийн байдал ба Халхын голын дайн”
  4. Шагов Андрей Евгеньевич. “Дэлхийн хоёрдугаар дайны өмнөх Зөвлөлт-Монголын цэрэг-улс төрийн хамтын ажиллагаа хийгээд дайчин нөхөрлөл үүсч хөгжсөн түүхэн туршлага”
  5. Ч.Сосорбарам, Ж.Базарсүрэн. “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба Халхын голын дайн”
  6. Борис Ванданович Базаров. “Буриадын архив дахь Халхын голын үйл явдлын талаарх архивын баримт”
  7. Н.Хишигт. “Халхын голын дайны фронт дээрх хоёр талын хэлэлцээрүүд, тэдгээрийн үр дүн”
  8. Прямицын Владимир Николаевич. “1930-аад оны үеийн цэргийн ус цаг уурын салбар дахь Зөвлөлт-Монголын хамтын ажиллагаа (Орос, Монголын ард түмний найрамдлын түүхийн бүрэн танигдаагүй хуудсууд)”
  9. Д.Хоролдамба. “МАХЦ-ийн Жанжин штабын дарга Жамсрангийн Цэрэн”
  10. Шү Жань Жян. “Японы Номунхан дахь бактериологийн дайн”
  11. Лиштованный Евгений Иванович. “Япончууд Халхын голд дайтах нь гарцаагүй байсан”
  12. Г.Мягмарсамбуу. “МАХЦ-ийн удирдлага (Хээрийн штаб)”
  13. Ежов Олег Владимирович. “Зөвлөлт, Монголын цэргийн бүлэглэлийн командлагч Г.К.Жуков: Жанжны замнал”
  14. Н.Даваадорж. “Халхын голын дайнд хязгаарын цэргийн анги салбарын гүйцэтгэсэн үүрэг, үр дүн, сургамж”
  15. Бороноева Татьяна Анатольевна. “Буриадын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй цэргийн түүхтэй холбоотой эд өлгийн зүйлс”
  16. Л.Баяр. “Халхын голын дайны үеийн цэргийн сэтгэл зүйн хангалт”
  17. Божедомов Борис Александрович. “Халхын голын зэвсэгт мөргөлдөөн дэх улаан армийн цэргийн урлагийн онцлог”
  18. Т.Сүхбаатар, И.Чинбат. “Халхын голын дайн: үйл явц, үечлэлийн асуудалд”

Хурлыг хааж Батлан хамгаалахын дэд сайд, БХЯ-ны ШУТЗ-ийн дарга ноён Т.Дуламдорж үг хэлэв. Тэрээр хааж хэлсэн үгэндээ: Бид өнөөдөр Халхын голын байлдааны түүхийн тулгамдсан асуудлыг олон талаас нь нухацтай авч хэлэлцлээ. Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд ихээхэн үр дүнтэй өнгөрлөө гэж дүгнэж байна. Та бүхэн ч гэсэн үүнтэй санал нийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Хурал ийм амжилттай болж өнгөрсөнд энд оролцсон хүн бүрийн хүчин зүтгэл, эрдэм ухаан онцгой үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэж талархал илэрхийлье. Ялангуяа бидний урилгыг хүлээн авч газрын хол усны уртыг туулж ирсэн бидэнтэй хамтран ажилласан гадны зочид, эрдэмтэн судлаачиддаа хурал зохион байгуулагчдын өмнөөс талархал илэрхийлж байна хэмээн тэмдэглэв. 

Хурлын илтгэлүүд, хурлаас гарсан санал бодол, зөвлөмж, гэрэл зураг, ойн арга хэмжээний хүрээнд гарсан эрдэм шинжилгээний өгүүлэл зэргийг нэгтгэн тус эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийг Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн болон хурал зохион байгуулагчид хэвлэн нийтийн хүртээл болгож байна.

 

ЗУРГИЙН ЦОМОГ

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 

 "АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004
ӨнөөдөрӨнөөдөр73
зочидзочид309200

Вэб холбоос

Хуулиар хамгаалагдсан болно  2011.  Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн