“МОНГОЛ УЛСЫН ОРШИН ТОГТНОХЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТ” Хэвлэх

Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдалтай уялдуулан орон нутгийн хамгаалалтад тулгамдаж буй асуудал болон түүнийг шийдвэрлэх арга замыг төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлж, гарах үр дүн, санал, зөвлөмжийг нэгтгэн зохих шатны байгууллагуудад хүргүүлэх болон эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор “Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал-Орон нутгийн хамгаалалт” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Олон Улсын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны өөрчлөлт, цэрэг-улс төрийн байдалд гарч буй өөрчлөлтөөс шалтгаалан улс орнууд газар нутаг, бүрэн эрхт байдлаа өөрийн хүчинд тулгуурлах замаар батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч байна. Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа бөгөөд орон нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой бие даасан хөгжлийг дэмжих, учирч болзошгүй уламжлалт болон уламжлалт бус аюулаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах талаар төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаас авч хэрэгжүүлэх олон талт арга хэмжээг улс орны оршин тогтнохын аюулгүй байдал, батлан хамгаалах эрх ашгийн үүднээс судалж, судалгааны үр дүнг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь зэрэг тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх тус хуралд Монгол Улсын их хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, Улсын их хурлын гишүүн Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Х.Батбилэг, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Г.Сайханбилэг, ЗХЖШ-ын I орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат нар болон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, бусад хороод, ҮАБЗ-ийн Ажлын алба, Засгийн Газрын хэрэг эрхлэх газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, яамд, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, ҮАБЗ-ийн харъяа Стратегийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Гамшиг судлалын хүрээлэн, Гео бодлого судлалын хүрээлэн, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, ХУИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль, Хууль сахиулахын их сургууль, Үндэсний тагнуулын академи, Улаанбаатар бодлогын судалгааны төв, Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, цэргийн штабын дарга нар, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв зэрэг Төрийн болон Төрийн цэргийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

 Эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлүүд үдээс өмнө хэлэлцэгдэж, “Бүс нутгийн аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлт, хандлага” сэдэвт илтгэлийг доктор /Sc.D/, профессор О.Үржин, “Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал ба батлан хамгаалах бодлого” илтгэлийг Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Г.Сайханбаяр, “Орон нутгийн хамгаалалтын талаарх зарим улсын туршлага, сургамж” ҮБХИС-ийн эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, шинжлэх ухааны доктор /Sc.n/, хурандаа Л.Батцэнгэл, “Орон нутгийн хамгаалалт нь батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс болох нь” илтгэлийг БХЭШХ-ийн Цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, профессор Ц.Дашзэвэг, “Орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулах зарим асуудал” илтгэлийг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн дарга, доктор /Ph.D/, профессор С.Баасанхүү нар тус тус тавилаа.
Үдээс хойшхи хурлын ажиллагаа Олон Улсын хурлын танхим, ТӨБДС-ийн хурлын танхимд тус тус үргэлжилж, “Орон нутгийн хамгаалалтын эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” сэдвийн хүрээнд “Орон нутгийн хамгаалалтын талаарх нэр, томъёо”, “Орон нутгийн хамгаалалтын удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт”, “Орон нутгийн хамгаалалтад Төрийн цэргийн болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын оролцоо”; 
“Орон нутгийн хөгжил ба орон нутгийн хамгаалалт” сэдвийн хүрээнд “Орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахад нутгийн захиргааны байгууллагын оролцоо”, “Орон нутгийн эдийн засгийн хөгжил нутгийн өөрийгөө хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд нөлөөлөх нь”, “Орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулахад нутгийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоо” зэрэг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Монгол улсын оршин тогтнохын аюулгүй байдал-Орон нутгийн хамгаалалт” эрдэм шинжилгээний хурал зорилгоо биелүүлж, хэлэлцүүлгийн үр дүнд гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн зохих шатны байгууллагуудад хүргүүлэх болон эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулахаар боллоо