НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

“ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа PDF Хэвлэх

Даяаршил хурдацтай явагдаж, улс хоорондын харилцан хамаарал улам нэмэгдэж буй өнөө үед тухайн улсын эдийн засгийн аюулгүй байдал оршин буй бүс нутгаасаа шууд хамааралтай болоод байна.

Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнууд олон улсын харилцааны орчинд гарч буй өөрчлөлттэй уялдан эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, эдийн засгийн аюулгүй байдлаа хангах нь тулгамдсан асуудал болоод байна.

Энэхүү тулгамдсан асуудлын хүрээнд Зүүн хойд Азийн орнуудын эрдэмтэн судлаачдыг оролцуулан бүс нутгийн эдийн засгийн чиглэлээр гаргаж буй олон санал санаачилгуудын хоорондын уялдаа холбоо, ач холбогдол, харилцан хамаарлын шинжлэх ухааны үндэслэлийг хамтран хэлэлцэж, санаа бодлоо нэгтгэх үүднээс Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран 2017 оны 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж”сэдэвтэрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулж явууллаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба, Ерөнхийлөгчийн Тамгын газар,  ҮАБЗ-ийн ажлын алба, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамд, олон улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, ОХУ, БНХАУ, Турк, БНСУ, Япон Улсын батлан хамгаалахын атташе нар, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газар, Олон улсын валютын сан, “Жей Си Эс”, “Adra” зэрэг олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, Монгол банк, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, ҮАБЗ-ийн харъяа Стратегийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн харъяа Олон улсын харилцааны хүрээлэн, Гео бодлого судлалын хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Үндэсний тагнуулын академи зэрэг сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын эрдэмтэн судлаачдын төлөөлөгчид нийт 140 гаруй хүн оролцлоо

Мөн хуралд БНХАУ-ын Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн дэд захирал, профессор Юань Чон, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын хүрээлэнгийн судлаач, доктор, профессор Василий Кашин, Япон Улсын Рицүмэйкан их сургуулийн профессор Мияаваки Нобору болон БНСУ-ын Хууль, эрх зүйн хүрээлэнгийн профессор Сон Син Жэ нар уригдан ирж, илтгэл тавилаа.

2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хурлыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нээж үг хэлсэн бөгөөд ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржав хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч, баяр хүргэж үг хэлэв.

Энэ өдрийн хурлыг Батлан хамгаалахын дэд сайд, яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дарга Т.Дуламдорж удирдан явууллаа.

Эхний өдрийн хурлын төгсгөлд нээлттэй хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлгийг  ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын хүрээлэнгийн судлаач, доктор, профессор Василий Кашин, Японы Рицүмэйканы их сургуулийн профессор Мияаваки Нобору нар удирдан явуулав.

Хэлэлцүүлгээр Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчны өөрчлөлтийн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, хамтын ажиллагаа, Монгол-Японы эдийн засгийн түншлэл, Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор зэрэг өргөн хүрээг хамарсан асуудлыг хөндсөн нь хурлын зорилго, зорилтод бүрэн нийцсэн, ихээхэн ач холбогдолтой хэлэлцүүлэг болов.

Хурлын дараа төлөөлөгчид Монгол цэргийн музейн үзэсгэлэн, БЦДБЧ-ын тоглолтыг үзэж сонирхов.

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хурлыг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг удирдан явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нар хурлын үйл ажиллагаанд  амжилт хүсэн баяр хүргэж, үг хэлэв.

Хэлэлцүүлгийг БНХАУ-ын Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн дэд захирал, профессор Юань Чон болон БНСУ-ын Хууль, эрх зүйн хүрээлэнгийн профессор, доктор Сон Син Жэ нар удирдан явуулав.

Хэлэлцүүлгийн үеэр  Монгол Улсын Засгийн Газраас эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх, гадаад худалдаа, эдийн засгийг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чиглэсэн хоёр талын болон олон талт ажлуудыг хэрэгжүүлэх, мөн бүс нутгийн эдийн засгийн харилцаан дахь Монгол Улсын оролцооны байдал, түүнчлэн Зүүн хойд Азийн болон Ази, Номхон далайн эдийн засгийн бүсчлэлд нэгдэн орсноор Монгол Улс эдийн засгийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх боломжийн талаар ярилцав.

Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн боломж, цар хүрээ их хэдий ч тулгамдаж буй анхаарал татсан асуудлууд цөөнгүй байгааг илтгэгч бүр онцлон тэмдэглэж байв.

Зүүн хойд Азийн эдийн засгийн аюулгүй байдлын тулгамдаад буй асуудлуудын талаар илтгэгчид, хуралд оролцогчдын дэвшүүлсэн үр дүнтэй, үр ашигтай олон санал санаачилгуудыг сургалт судалгааны эргэлтэд оруулах үүднээс  эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэж, хэрэглэгчдийн гар дээр тавьсан нь хүмүүсийн талархлыг хүлээгээд байна.

Хурлын үйл ажиллагааг МNB, Монгол HD телевиз, БХЯ-ны “Дуулга” телевиз, “Соёмбо” сонин, МОНЦАМЭ агентлаг, Монголын үндэсний радио, news.mn сайтаар олон нийтэд сурталчлав.

 

ЗУРГИЙН ЦОМОГ

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 

 "АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004
ӨнөөдөрӨнөөдөр105
зочидзочид292139

Вэб холбоос

Хуулиар хамгаалагдсан болно  2011.  Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн