НүүрХолбоо барихЗургийн цомог

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухаан технологийн төсөл болон захиалгат судалгааны ажил гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон санал, зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

“МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОРЧИН-БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ PDF Хэвлэх

Үндэсний батлан хамгаалахын их сургууль санаачлан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран 2017 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр “Монгол Улсын аюулгүй байдлын орчин-батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ҮХБИС-ийн “Тэмүжин-Өрлөг” бүрэн дунд сургуулийн “Урлаг” танхимд зохион байгуулж явууллаа. 

 

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, ҮАБЗ-ийн Ажлын алба, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, ҮАБЗ-ийн харъяа Стратегийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн харъяа Олон улсын харилцааны хүрээлэн, Гамшиг судлалын хүрээлэн, Гео бодлого судлалын хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, ХУИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль, Хууль сахиулахын их сургууль, Үндэсний тагнуулын академи, МУИС-ийн Бодлогын судалгааны төв, Улаанбаатар бодлогын судалгааны төв, Цэнхэр сүлд төрийн бус байгууллага, Олон улсын харилцааны залуу судлаачдын холбооны төлөөлөл 88 хүн,  ҮБХИС-ийн багш, эрдэмтэн судлаачдаас 160 гаруй хүн оролцож, санал бодлоо солилцов.

Хуралд 31 илтгэл ирснийг хурлын эмхэтгэлд оруулан хэвлэж, нийтийн хүртээл болгон судалгааны эргэлтэд оруулсан бөгөөд үүнээс 21 илтгэлийг хурал дээр тавьж хэлэлцүүллээ.

Уг эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нээж үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан нар хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн, баяр хүргэж үг хэлэв.

Эрдэм шинжилгээний хурлыг үндсэн болон салбар хуралдаан хэлбэрээр зохион байгуулж явуулав.

Үндсэн хуралдааныг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж удирдан явууллаа. Уг хуралдаанд 3 илтгэл хэлэлцүүлэв. Үүнд:

“Олон улсын геополитикийн шинэ нөхцөл байдал: Монгол Улсад хамаарах нь” сэдвээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, “Гео бодлого судлал”-ын хүрээлэнгийн захирал доктор (Sc.D), профессор Д.Мягмар,

 “Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудалтай батлан хамгаалах бодлогыг уялдуулах онол, арга зүй” сэдвээр БХЭШХ-ийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийн дарга доктор (Sc.D), профессор, хошууч генерал О.Үржин, эрдэм шинжилгээний ажилтан доктор (Ph.D), дэд хурандаа Б.Эрдэнэчимэг

“Аюулгүй байдлын шинэ нөхцөл ба Монгол Улсын батлан хамгаалах бодлогын шинэчлэл” сэдвээр БХЭШХ-ийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), профессор, хурандаа Ч.Баттулга, БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан профессор Ц.Дашзэвэг нар тавьж  хэлэлцүүлэв.

Тэмүүжин өрлөг дунд сургуулийн (А танхим)-д Салбар хурал: “Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин” сэдвээр явагдаж, хурлыг ҮБХИС-ийн эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл эрхэлсэн дэд захирал доктор (Sc.D), профессор, хурандаа Л.Батцэнгэл,  БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга хурандаа Д.Мөнх-Очир, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, “Гео бодлого судлал”-ын хүрээлэнгийн захирал доктор (Sc.D), профессор Д.Мягмар нар удирдлаа.

Уг салбар хуралдаанд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын шинэ орчин, Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусын тус улсын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд  гүйцэж буй үүрэг, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого, улсын хилийн аюулгүй байдал ба хил дамнасан шилжилт хөдөлгөөн, Монгол Улсын талаар их гүрнүүдийн баримталж буй бодлого, үйл ажиллагаа болон хоёр хөршийн явуулж цэрэг-улс төр, эдийн засгийн бодлого, түүний Монгол Улсад үзүүлэх нөлөөлөлийн асуудлаар тал бүрээс нь шүүн хэлэлцэв.

(Б танхим)-д Салбар хурал: Монгол Улсын аюулгүй байдлын дотоод орчин” сэдвээр явагдаж, хурлыг БХЭШХ-ийн захирал доктор (Ph.D), профессор, хурандаа Б.Мөнхсайхан, Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч доктор (Ph.D), профессор, хошууч генерал З.Болдбаатар, БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан профессор Ц.Дашзэвэг нар удирдан явууллаа.

Энэхүү салбар хуралдаанаар Монгол Улсын аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын бүрэлдэхүүн хэсгүүд, тулгамдаж буй асуудал, Монгол Улсын аюулгүй байдлын дотоод орчин, төрийн батлан хамгаалах бодлогыг хэрхэн хангах, үүнд ямар сөрөг нөлөөлөл байж болох, түүнээс яаж урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэв.

Хуралдаанд оролцогчид хэлэлцүүлсэн илтгэл болон Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, өргөн хүрээнд тунгаан хэлэлцсэн нь энэ хурлын онцлог, ач холбогдлыг харуулж байна.

Үндсэн болон салбар хуралдаанаар дэвшүүлсэн санал, дүгнэлтийг хурлаас гарах зөвлөмжийн төсөлд тусган, нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр хурлын төлөөлөгчдөд танилцуулж, саналыг дахин авч зөвлөмжийг эцэслэн боловсруулав.

Хурлаас гарсан зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүллээ.

Хурлыг зохион байгуулахад Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлага, хурал зохион байгуулах ажлын хэсэг ихээхэн идэвх санаачлагатай ажиллаж, амжилттай зохион байгуулсныг цохон тэмдэглэж байна.

 

ЗУРГИЙН ЦОМОГ

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ

 

 "АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" СЭТГҮҮЛ

  №27 2019
№26 2018 №25 2018
№24 2017 №23 2017
№22 2016
21 2015 №20 2015
№19 2014
№18 2013
№17 2012 №16 2012
№15 2011
№14 2010 №13 2010
№12 2009 №11 2009
№10 2008 №09 2008
№08 2007 №07 2007
№06 2006 №05 2006
№04 2005 №03 2005
№02 2004 №01 2004
ӨнөөдөрӨнөөдөр58
зочидзочид305898

Вэб холбоос

Хуулиар хамгаалагдсан болно  2011.  Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн