Солонгосын хойгийн асуудлаар 9 дэх удаагаа хуралдав Хэвлэх

БНСУ-ын нийслэл Сөүл хотноо 2016 оны 12 дугаар сарын 05-08-ний өдрүүдэд БНСУ-ын Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэн, Монгол Улсын Батлан Хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Солонгосын хойгийн нэгдлийн талаарх бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвийн дор эрдэм шинжилгээний уламжлалт хурал амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд БХЭШХ-ийн захирал, доктор, хурандаа Б.Мөнхсайхан, эрдэм шинжилгээний ажилтан доктор, ахмад Т.Сүхбаатар, Р.Нямдаваа Зэвсэгт хүчний 084-р ангийн сургагч багш, ахлах дэслэгч Д.Мөнх-Өнөр нар оролцлоо.

Хурлын нэгдүгээр үеэр “Д.Трампийн засаглалын үеийн Монгол-Америкийн харилцааны төлөв”, “Д.Трампийн гадаад болон холбоотны бодлогын хэтийн төлөв” “Зүүн хойд Азийн хамтын ажиллагааг сайжруулахад Монгол Улсын үүрэг оролцоо”, “БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүйжүүлэхэд Монгол Улсын оролцоо” “БНСУ, БНАСАУ-ыг нэгтгэх зарим асуудал” гэсэн сэдвээр тус тус сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Хуралд оролцсон Монгол, БНСУ–ын эрдэмтэн, судлаачид Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн бүс нутгийн өнөөгийн байдал, аюулгүй байдлын эрсдэлүүд, Солонгосын хойг болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд дөхөм үзүүлэх талаар гарч байгаа санал санаачилгууд, Солонгосын хойг Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд цаашид ямар алхам хийх ёстой зэрэг асуудлаар нухацтай ярилцаж, санал шүүмжлэл өрнүүлэв.

Дээрх хоёр хүрээлэн 2007 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд ирэх онд манай улсад 10 дахь удаагийн хурал зохион байгуулагдах юм.