Цэргийн түүхч Д.Гомбосүрэнгийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаа болов Хэвлэх

 Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, цэргийн түүхч Д.Гомбосүрэнгийн нэрэмжит цэргийн түүхийн судалгааны шилдэг бүтээлд олгох шагналыг гэр бүл, үр хүүхдүүдээс нь санаачлан бий болгосон бөгөөд анхны шагналыг 2012 онд олгож байсан юм. Энэхүү шагналыг хоёр жил тутамд цэргийн түүхийн шилдэг бүтээлд олгож байхаар тогтсон бөгөөд 2014 оны шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол 5 дугаар сарын 14-нд БХИС-ийн “Их эе” танхимд боллоо.

Цэргийн түүхч Д.Гомбосүрэнгийн нэрэмжит цэргийн түүхийн судалгааны шилдэг бүтээл олгох ёслолын ажиллагаанд түүний охин Г.Тэмүүлэн, хүү Г.Хэрлэн, БХЯ-ны ШУТЗ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, хошууч Л.Оюунцэцэг, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн орчин үеийн монголын түүхийн салбарын эрхлэгч доктор, дэд профессор Н.Хишигт, тус хүрээлэнгийн Монголын эртний түүх, сурвалж судлалын салбарын эрхлэгч доктор С.Өлзийбаяр, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, түрүү төмрийн үеийн археологийн судалгааны секторын эрхлэгч, доктор Н.Батболд, БХИС-ийн захирал хошууч генерал, дэд профессор Я.Чойжамц, эрдэм шинжилгээ, доктор, магистрын сургалтын албаны дарга, доктор, дэд хурандаа Ж.Хүрэл, Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн багш нар, БХЭШХ-ийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржин, тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцлоо.

Энэ жилийн нэрэмжит шагналаар Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатан судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Новосибирскийн Улсын их сургуулийн Археологи, угсаатан судлалын тэнхимийн эрхлэгч, Оросын Байгалийн ШУА-ийн академич, археологич, зэвсэг судлаач Ю.С.Худяков, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, түрүү төмрийн үеийн археологийн судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан доктор Н.Эрдэнэ-Очир нарын туурвисан “Военное дело древних кочевников Монголии (II тысячлетия-III век до.н.э)” хэмээх хамтын бүтээл шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.