“Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдал” сэдвээр лекц уншлаа Хэвлэх

 ОХУ-ын шинжлэх ухааны академийн дорно дахины судлалын хүрээлэнгийн монгол солонгос судлалын хэлтсийн эрхлэгч доктор, профессор Александр Валентинович Воронцов “Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдал” сэдвээр 2013 оны 10 дугаар сарын 02-нд тус сургуулийн эрдэмтэн судлаачид, багш, сонсогч, оюутнуудад лекц уншлаа. Тус лекцэнд БХЯ, ЗХЖШ-ын төлөөлөл оролцсон.

            Лекцийн эхний хэсэгт Зүүн хойд Ази дахь эрчим хүчний хэрэглээ түүний ирээдүйн чиг хандлагын талаар байсан бөгөөд Зүүн хойд Азийн бүс нутаг нь эрчим хүчний хэрэглээгээр тэргүүлэх бүс нутаг болсныг тэмдэглээд уг хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа, түүнтэй холбогдуулан аюулгүй байдлын асуудал, тэр дундаа эрчим хүчний нөөцийн тээвэрлэлтийн асуудал онцгой анхаарал татаж байгааг хөндөж ярилаа. Тухайлбал, 2009 оны Дэлхийн эрчим хүчний тойм мэдээгээр эдийн засгийн өндөр хөгжилтэй БНХАУ /эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд 2-р байр, эрчим хүчний түүхий эдээс 50%-ын хамааралтай/, Япон /эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд 3-р байр, эрчим хүчний түүхий эдээс 99%-ын хамааралтай/, БНСУ / эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд 11-р байр, эрчим хүчний түүхий эдээс 97%-ын хамааралтай/ улсуудын эрчим хүчний хэрэглээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа, 2020 он гэхэд дээрх хэрэглээ 70-100 хувиар нэмэгдэнэ хэмээн үнэлсэн нь дээрх хэрэглээг дагаад түүхий эдийн нөөцөөс хамааралтай байх, эрчим хүчний аюулгүй байдлын асуудал хэрхэн өрнөж буйг баримт түшин ярилаа.

Зүүн хойд Ази дахь бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг ОХУ тэргүүлж буйг мөн тэрээр тайлбарлаад ОХУ-ын эрчим хүчний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогод ОХУ-ын сибирь, алс дорнодын бүс нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд гео-улс төрийн байрлал, эрчим хүчний нөөцөө ашиглах, түүн дотроо ихээхэн нөөц бүхий байгалийн хийгээр (Сахалин төсөл-1100 км урт) БНХАУ-аар дамжуулан эрчим хүчний хэрэглээний байнгын өсөлттэй БНСУ-ыг хангах асуудлыг дэлгэрэнгүй ярив. Байгалийн хийн тээвэрлэлтийг төмөр зам, хийн хоолой байгуулах замаар шийдвэрлэх, тэдгээрийн аюулгүй байдал, эдийн засгийн асуудлыг хөндсөн нь сонсогчдын сонирхолыг татлаа.  

ОХУ-аас БНХАУ, БНСУ-ыг чиглэсэн хийн хоолой барих төсөл ид өрнөж байгаа ба Зүүн хойд Азийн улс орнууд энэ төсөл дээр оролцох сонирхолтой байдгийг онцолж, Монгол БНАСАУ-ын уг хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэр дээгүүр дайруулан гаргуулах сонирхолтой байсныг мөн тэмдэглэв. Хэдийгээр дээрх сонирхол эдийн засгийн хувьд тухайн улс орнуудад ашигтай хэдий ч аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй байж болохыг доктор Воронцов тэмдэглэв.

Лекцийн дараагаар багш судлаачид доктор, профессор Александр Валентинович Воронцовоос “ОХУ-ын хэрэгжүүлж буй хийн хоолой байгуулах төсөл нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дайруулбал эдийн засгийн хувьд асар их хэмнэлттэй. Яагаад Монгол Улсыг тойрсон ашиггүй хувилбарыг сонгож байгаа юм бэ?, Эрчим хүчний нөөцийг дагасан эрсдэл Монгол Улсын хувьд судлаачийн байр сууринаас хэрхэн харагдаж байна? Таны хариуцсан салбар болох Монгол судлалыг хөгжүүлэх талаар ОХУ-ын зүгээс ямар ажил, арга хэмжээ авч байна вэ?” зэрэг сонирхсон асуултандаа хариулт авснаар лекцийн ажиллагаа өндөрлөлөө.

БХИС-ын эрдэмтэн судлаачид, багш, сонсогч, оюутнуудад хийсэн энэхүү лекц нь ОХУ-ын зүгээс Зүүн хойд Азийн бүс нутагт эрчим хүчний нөөцийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны чиглэлээр хийсэн цаг үеийн, шинэ мэдээ мэдээлэл болж чадлаа.