Беньямин Нетаньяхугийн нам ялалт байгууллаа Хэвлэх

Израилийн Кнессет буюу парламентын 19 дэх удаагийн сонгууль энэ сарын 22-нд болж өнгөрлөө. Тус улсын Сонгуулийн хорооноос ялагчийг зарласан байна.

Сонгуульд Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн тэргүүлдэг Ликуд бүлэг ба Израиль бидний орон намаас бүрдсэн улс төрийн эвсэл нийт сонгогчдын 23.25 хувийн санал авч парламентын 120 суудлаас 31-ийг авснаар эвслийн засгийн газар байгуулах эрхтэй боллоо.

Энэхүү үзүүлэлт нь Ерөнхий сайдын тэргүүлсэн эвслийн төсөөлснөөс нэлээд доогуур үр дүн юм. Тэд 19 суудал авсан Йеш Атид, 15 суудал авсан эрх зүйн намтай хамтран эвслийн засгийн газар байгуулна. Ингэснээр Беньямин Нетаньяхугийн хувьд засгийн газраа эмхлэн байгуулахад багагүй хүндрэлтэй болсон байна.

Олон улсын ажиглагчдын ярьснаар шинэ нам хүчнүүд энэ удаагийн сонгуульд нэлээд амжилттай оролцсон нь израильчуудыг хуучин нам хүчнээс залхсаныг харуулж байгаа аж. Беньямин Нетаньяхугийн хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангаж, өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн цэрэг стратегийн бодлогоо цаашид үргэлжлүүлж, Ираны болзошгүй аюулаас сэргийлэхийг хүсэж байгаа юм.

Беньямин Нетаньяху засгийн эрхэнд гарах бүр Израйль Палестины харилцаа мууддаг талтай. Тэрээр Палестины тусгаар улсын талаарх төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг бөгөөд нилээд хатуу байр суурь баримталдаг юм.

Ирэх жилүүдэд Израйль Палестины харилцаа улам бүр муудах төлөв харагдаж байна.