НАТО тусгай армитай болно Хэвлэх
2013 оны 1-р сарын 22, Мягмар гариг, 14:11

НАТО-гийн цэргийн комиссын дарга Кнуд Бартелс мэдэгдэхдээ “Цаашид НАТО шуурхай ажиллагаанд оролцох армитай болно. Энэ нь цэргийн эвслийн хөгжил өөрчлөлтийг ахиулж, гишүүдийн нэгдмэл байдлыг бэхжүүлнэ” гэжээ.

Эвслийн 28 гишүүн орны жанжин штабын дарга энэ долоо хоногт хоёр өдөр Брюссель дахь НАТО-гийн төв байранд хурал хийсэн юм. Штабын дарга нарын 168 дахь уулзалтын үеэр Кнуд Бартелс “НАТО “уян хатан сэргийлэн хамгаалалт” гэх үзэл баримтлалыг цаашид хэрэгжүүлнэ. Олон оронтой хамтын ажиллагаа өрнүүлэх хэлбэрээр цэргийн зардлыг бууруулж, цэргүүдийн чадварыг нэмэгдүүлнэ. НАТО-гийн тусгай арми нь гишүүн орнуудын шилдэг цэргүүдээс бүрдэнэ” гэв.

Түүний ярьснаар тусгай арми нь НАТО-д хүчирхэг, уян хатан цэргийн хүчин чадлыг хангах аж. Мөн гишүүн орон хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, цомхон хүчирхэг бие бүрэлдэхүүнийг байгуулахад тустай юм.

Тус цэргийн эвслийн 28 гишүүн орны цэргийн тоо нийт 1.1 саяд хүрсэн. Тиймээс НАТО цомхон, хүчирхэг армитай болсноор зардлаа хэмнэж чадна гэж үзэж байгаа аж.