БХЭШХ-ИЙН “ЦЭРГИЙН ТҮҮХ СУДЛАЛЫН ТӨВ”-ИЙГ ХУРАНДАА Д.ГОМБОСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО Хэвлэх

Батлан хамгаалахын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/128 тоот тушаалаар Монгол Улсын Батлан Хамгаалах, Зэвсэгт хүчинд 30 гаруй жил сургалт, судалгааны байгууллагад байгууллагад ажиллаж залуу үеийг сурган хүмүүжүүлэх, эрдэмжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны олон арван бүтээл туурвисан ба Монгол Улсад цэргийн эрдэм шинжилгээний байгууллагыг үүсгэн байгуулж бэхжүүлэх, эрдэмтэн судлаачдыг сургаж бэлтгэх, тэдний онол арга зүйг дээшлүүлэх, батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээ судалгааны ажлын чиглэлийг тодорхойлон эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн “Цэргийн түүх судлалын төв”-ийг цэргийн түүхч, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc,D) профессор, хурандаа Дэндэвсүрэнгийн Гомбосүрэнгийн нэрэмжит болгов.

Эрхид овгийн Дэндэвсүрэнгийн Гомбосүрэн 1937 онд Хэнтий аймгийн Хэнтий сумын нутаг Чандмань гэдэг газар төрсөн. 1969 онд ЗХУ-ын Москва хотод В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академи төгссөн. Улс төрийн ажилтан, түүхч мэргэжилтэй.

Д.Гомбосүрэн 1959-1962 онд Хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтэн, Дорнод аймгийн ХАА-н техникумд багш, 1962-1965 он, 1969-1974 онд МАА-ийн 065, 030 дугаар ангид нам, эвлэлийн ажилтан, ангийн захирагчийн улс төрийн орлогч, МАА-ийн Улс төрийн Газарт байцаагч, тасаг, хэлтсийн дарга, 1975-1980 онд Цэргийн Ерөнхий Дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, БХЯ-ны Цэргийн эрдэм шинжилгээний институтийн захирал (1980.06.14-1986.04.12), ЗХЖШ-ын орлогч, БХЯ-ны төв аппаратын улс төрийн хэлтсийн дарга (1986.04.12-1989.06.19), 1989-2011 онд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч (1991-1993), эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байв. Мөн 1974-1990 онд МАА-ийн Улс төрийн Газрын дэргэдэх Марксизм-Ленинизмийн оройн их сургуульд багшилж байсан.

Түүний гавъяа зүтгэлийг төр, засгаас өндөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одон, Байлдааны хүндэт медаль, Ардын хувьсгал, Зэвсэгт хүчний ойн медалиудиар шагнасан. Мөн ОХУ, Вьетнам, Куба улсын цэргийн медалиудаар шагнагдсан. Монгол Улсын Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг, БХЯ-ны хүндэт тэмдэг, Улсын Иргэний хамгаалалтын газрын хүндэт тэмдэгтэй.

Д.Гомбосүрэн ҮБХИС-ийн ахмад багш, сурган хүмүүжүүлэгч, авьяаслаг эрдэмтэн, удирдан зохион байгуулагч байсан бөгөөд тэрээр цэргийн түүхийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, цэргийн түүхийн ухааныг шинжлэх ухааны төвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, шавь сургалтаар олон арван эрдэмтэн сургаж бэлтгэсэн цэргийн түүхч хүн юм.