ШИНЭ НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

БХЭШХ-ийн Батлан хамгаалахын дүн шинжилгээний төвийн дарга, доктор (Ph.D), дэд хурандаа Б.Нэргүйн “Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоо” нэг сэдэвт бүтээл шинээр хэвлэгдэн гарч олны хүртээл болж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын эргэлтэд орж байна.

Энэхүү нэг сэдэвт бүтээл нь БХЭШХ-ийн Батлан хамгаалахын дүн шинжилгээний төвийн 2021-2023 оны хооронд гүйцэтгэж буй БШУЯ-ны захиалгат ШУТС-ийн санхүүжилттэй “Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоо” сэдэвт суурь судалгааны төслийн ажлын нэгэн үр дүн болж хэвлэгдэн гарлаа.

Редактораар ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, ЭШТА, Улс төрийн шинжлэх ухааны доктор (Ph.D) О.Хатанболд ажилласан байна.

Уг бүтээл нь үндэсний аюулгүй байдлыг хангах субъектийн нэг болох иргэний нийгэм, түүний онцлог, үндэсний аюулгүй байдлыг хангахад гүйцэтгэх үүрэг, нөлөөллийг илрүүлж, түүний оролцоог дээшлүүлэх зарим арга замыг тогтооход чиглэгдсэн гурван бүлэг, зургаан зүйл, мөн зохиогчийн боловсруулсан “Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоог үнэлэх аргачлал”, түүнийг ашиглах заавар бүхий бүтэцтэй байна. Энэхүү бүтцээрээ зохиогч нь, нэгд, “Аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоо, гүйцэтгэх үүрэг, нөлөөний талаар онолд тулгуурласан арга зүйн шинжилгээ хийх замаар иргэний нийгмийн оролцооны туршлага, сургамжийг тодруулсан”; хоёрт, “Монголын иргэний нийгмийн оролцооны өнөөгийн байдал, өвөрмөц онцлогийг шинжлэн үндэсний аюулгүй байдалд түүний үзүүлэх нөлөө, гүйцэтгэх үүргийг тодорхойлсон. Ингэхдээ иргэний нийгмийн оролцоог үнэлэх шинэлэг аргачлалыг боловсруулж, түүнийг ашиглах арга зүйг боловсруулсан”; гуравт, “Монголын үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл, хэлбэр, арга зам”-ыг  тодорхойлон гаргасан.  

Бүтээл нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэгдэж, улс төр, эрх зүй, захиргааны хэм хэмжээний баримт бичгийг боловсруулагч, хууль тогтоогч, мэргэжилтэн нар хэрэглэж болохуйц онолын болон практик дүгнэлт, санал зөвлөмж агуулсан, мөн аюулгүй байдлыг хангах төрийн болон төрийн бус субъектийн мэргэжлийн ажилтныг бэлтгэх, түүний дотор засаглалын институтийн ажилтан нар, улс төр, эдийн засаг, батлан хамгаалах чиглэлийн мэргэжилтэн нарыг бэлтгэх байгууллага болон бусад субъектийн үйл ажиллагаанд тус дөхөм болоход чиглэгдсэнээрээ онцлогтой.

Монгол Улсад анхлан Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоо, үүргийг онол, практикийг хослуулан улс төр, аюулгүй байдал судлал, социологи, зөөлөн аюулгүй байдлын үзэл баримтлалын үүднээс харьцуулан судалснаараа онцлог, шинэлэг талтай бүтээл болсон.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter