ШИНЖЛЭХ УХААНЫ СЭТГҮҮЛИЙН ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТ, ШАЛГАХ АРГАЧЛАЛ

Шинжлэх ухааны сэтгүүлийн чанар нь 2 талт ойлголт юм. Нэгдүгээрт судлаачид өгүүллээ өндөр үнэлгээтэй, нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлэхийг зорьдог. Хоёрдугаарт судлаач тухайн таамаглалыг дэмжиж эсвэл үгүйсгэж буй өгүүллийг уншихдаа судалгааны ажлын чанарт эргэлзэх бөгөөд өндөр үнэлгээтэй сэтгүүлд нийтлэгдсэн судалгааг сонгож, анхаарч уншдаг. Тиймээс бид чанартай судалгааны ажил сонгож унших, өөрийн судалгааны үнэ цэнийг бодитой үнэлүүлэхийн тулд сэтгүүлийн чанарыг зөв үнэлж, сонгож сурах нь нэн чухал юм. Судлаачид сэтгүүлийн чанарыг дараах үзүүлэлтүүдэд суурилж тодорхойлохыг санал болгож байна. Үүнд:

    1. Импакт фактор (Impact factor);
    2. Бусад хэмжилт (Eigenfactor® Score and Article Influence®, SJR indicator);
    3. “AltMetrics” хэрэгслүүд;
    4. “Open access journal” чанарын үзүүлэлт.

Нэг. Импакт фактор (Impact factor): Шинжлэх Ухааны Мэдээллийн Институт (Thomson Reuters)-ийн үндэслэсэн тус үзүүлэлтийг сэтгүүлийн судалгаануудаас өмнөх 2 эсвэл 3 жилийн хугацаанд эшлэл авсан тоог нийтлэгдсэн өгүүллийн тоонд харьцуулан тодорхойлдог. Сэтгүүлийн импакт фактор шалгахдаа дараах 2 санг түгээмэл ашигладаг. Үүнд:

    1. Web of Science;
    2. JCR: Journal Citation Reports.

Импакт факторын хэрэглээ: Та сэтгүүлийн импакт фактор шалгахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

    1. Импакт факторын шинжилгээ нь Web of Science/Web of Knowledge-ийн индексжүүлсэн сэтгүүлээс иш татсан байдлаар хязгаарлагддаг. Одоогийн байдлаар Web of Science нь шинжлэх ухааны өргөн хүрээний 8621, нийгмийн шинжлэх ухааны 3121 сэтгүүлийг индексжүүлсэн байгааг анхаарна уу.
    2. Сэтгүүлийн импакт фактор өндөр байх нь эшлэлийн чанар, хүчин төгөлдөр байдал, судалгаануудын шинэ таамаглал дэвшүүлсэн байдлыг илэрхийлдэггүй. “Системт тойм”, “Мета-анализ” өгүүлэл хэвлэдэг сэтгүүлийн импакт фактор өндөр байдаг.
    3. Сэтгүүлийн импакт фактор нь нийт судалгааны дундаж иш татсан байдлаар тооцогдох учир цөөн тооны чанартай судалгааны нөлөөлөл байж болохыг анхаарах шаардлагатай.
    4. Судлаачид сэтгүүлийн чанарыг үнэлэхдээ импакт фактороос гадна олон үзүүлэлтийг харгалзахыг зөвлөж байна.

Хоёр. Бусад хэмжилт: Eigenfactor® Score болон Article Influence®, импакт факторын адилаар ишлэлийн тоонд суурилан тооцогддог үзүүлэлт юм. Eigenfactor® Score нь жил бүр сэтгүүлүүдийн сүүлийн 5 жилийн ишлэлийн татсан тоог бусад сэтгүүлтэй харьцуулан үнэлдэг. Eigenfactor® Score-ийг сэтгүүлийн нийтлэлийн тоонд хувааж Article Influence®-ийг үнэлнэ. Дундаж оноо 1 байх бөгөөд сэтгүүлийн Article Influence® 1 – ээс их байх нь тус сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл бүрийн шинжлэх ухаанд үзүүлэх нөлөөлөл өндөр байгааг илтгэдэг. Харин Article Influence® 1 -ээс бага сэтгүүлийн судалгааны өгүүлэл нөлөөлөл бага байна гэж тооцно. Танд “Google scholar metric”, SJR indicator үзүүлэлтүүдийг мөн шалгаж үзэхийг санал болгож байна.

Гурав. AltMetrics” аргачлал: Энэхүү аргачлал нь уламжлалт буюу эшлэл, уншсан тоо, татаж авсан байдлаас гадна нийгмийн сүлжээний олон үзүүлэлтэд суурилсан үнэлгээний аргууд юм. Тухайлбал, блог, сошиал медиа зэрэг өгүүллийн нийгэмд хүрэх сувгууд хандалтад үнэлгээ өгдөг. Сэтгүүлийн AltMetrics” аргачлалаар сэтгүүлийн чанарыг үнэлэхдээ дараах холбоосуудыг ашиглах боломжтой.

    • Metrics Toolkit;
    • Altmetric.com;
    • ImpactStory;
    • Plum Analytics;
    • PeerEvaluation;
    • Research Scorecard;
    • Mendeley;
    • Acumen.

Дөрөв. “Open access journal” буюу нээлттэй хандалт бүхий сэтгүүлүүдэд дараах чанарын үзүүлэлтийг харгалзан үзэх хэрэгтэй. Үүнд:

    • Сэтгүүлийн хамрах хүрээ, зорилго маш тодорхой;
    • Сэтгүүлийн мэдээлэл хүргэх зорилтод бүлэг нь судлаачид байх;
    • Сэтгүүлийн эдиторууд нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн судлаачид байх;
    • Сэтгүүл нь эрдэм шинжилгээний байгууллагын харьяа эсвэл хамтран ажилладаг байх;
    • Судалгааны өгүүллүүд сэтгүүлийн хамрах хүрээ, зорилгод нийцсэн;
    • Нийтлэхэд шаардлагатай зардлыг вэб хуудсанд тайлбарласан;
    • Судалгааны өгүүлэл бүрт Digital Object Identifiers (DOI) өгөгдсөн;
    • Сэтгүүл нь ISSN (International Standard Serial Number) бүртгэлтэй;
    • Хэвлэн нийтлэгч нь “Open Access Scholarly Publishers” гишүүн байх;
    • Сэтгүүл нь “Directory of Open Access Journals” бүртгэлтэй байх.
Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter