Орос-Украйны дайны тойм

Ерөнхий цагийн байдал. Орос, Украйны байлдааны ажиллагаа нэгд, Харьков орчимд, хоёрт, зүүн Украйны хэсэгт буюу Донбасс, Луганскт, гуравт, өмнөд тэнхлэг буюу Херсон хот, Азовсталь, цаашлаад Мариуполь, Одесс хот руу чиглэн явагдаж байна.

Оросын цэргийн тусгай ажиллагааны талаар. Ойрын зорилго нь зүүн Украйн дахь Украйны хүчнийг бүслэн хаах, Донецк, Луганскийг бүхэлд нь эзлэх, ялангуяа эхний ээлжинд Донбасс дахь ашиг сонирхолыг бүрэн хангах, өмнөд чиглэлд Азовсталийг бүхэлд нь буулгаж авах явдал юм.  

Оросын эрх баригчдын мэдэгдсэнээр Азовсталь гангийн үйлдвэрийг бүрэн эзэлсний дараа Донецкийн Бүгд Найрамдах Улсын /ДБНУ/ харьяанд шилжүүлэх ба ирээдүйд Мариуполь хотыг аялал жуулчлалын хот болгохоор төлөвлөж байна. Энэ нь Оросын эдийн засагт дам утгаараа их хэмжээний ашиг авч ирэх юм.

Азовсталь хэмээх металлургийн аж үйлдвэр нь Мариуполь мужийн эдийн засгийн хамгийн чухал хөшүүрэг байсан ба дайн эхлэхээс өмнө тасралтгүй бүрэн хэмжээгээр ажиллах үедээ 10 мянган ажилчидтай, олон тэрбум ам.долларын гадаад валютын ашиг олдог, улсдаа үлэмж хэмжээний татварыг бий болгодог том үйлдвэр байлаа. Жилдээ 7 мянган тонн ган, 6 сая тонн төмөр, 4.5 сая тонн төмөр утас боловсруулах хүчин чадалтай байв. Учир нь нэгэнт үйлдвэрийн 60 хувийг дахин засварлах аргагүй болтол нь устгаж сүйтгэсэн учраас Мариуполийг аялал жуулчлалын хот болгох төлөвлөгөөг Оросын тал боловсруулсан байна. цаашид Мариупольд Хар тэнгисийн эрэг дээрх аялал жуулчлалын бүсийг байгуулчихвал өөр хотуудыг аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх шаардлагагүй болно гэж үзэж байгаа юм.

Иймд Оросын тал өмнөд чиглэлд ялалтаа баталгаажуулж үлдэх, цаашид бас нэг том стратегийн ашиг хүртэх боломж болох Запрожна дахь европ тивдээ хамгийн томд тооцогдож байсан цөмийн эрчим хүчний станцыг бүрэн эзлэх явдал юм. Дайны явцад тус цөмийн үйлдвэрийг Оросууд их сүйтгээгүй орхисон, удахгүй бүрэн эзлэх төлөвлөгөөтэй байна.

ОХУ-ын Шадар сайд Х.Марат Мелитополь хотноо айлчлах үеэр Запорожна мужид бүрэн хэмжээний тусламж дэмжлэгийг найрсаг Орос гэр бүлүүдэд үзүүлэхээ амалсан. Түүний мэдэгдэлээс үзвэл тус цөмийн үйлдвэр нь Оросын талд шилжсэнээр эрчим хүч гарган авч, цаашид бүтээгдэхүүнээ Украйнд худалдах зорилготой байгаа нь тодорхой болсон. Оросууд дайны төгсгөлд Украйн улсын тусгаар тогтнолыг хэвээр нь үлдээх бөгөөд тэднийг өөрсдийн эрчим хүчний хараат улс болгосноор барууны орнуудын Оросын эсрэг авч буй эрчим хүчний хоригийн эсрэг хөшүүрэг болгож ашиглахыг зориж байна гэж барууны шинжээчид үзэж байна. Одоогоор Оросын цэргүүд Энергодар хот /Запорожна мужийн баруун хойд талд Денипр мөрний зүүн эргийн жижиг хот/-ыг хяналтандаа байлгаж, замыг хааж, хориглолтын шугам байгуулж байгаа нь мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Тэдний давшилт бус хориглолт байгуулж, бэхжиж байгаа шалтгаан одоохондоо тодорхойгүй байгаа.

Луганск, Донецк дахь цагийн байдал. Украйны цэргийн тагнуулын газар /GUR/ мэдээлснээр Донецкийн Бүгд Найрамдах Улс /ДБНУ/ ба Луганскийн Бүгд Найрамдах Улс /ЛБНУ/-д дайчилгаа явуулж байгаа, харин ЦАХ-чдын ар гэрийхнийг Оросын хилээс 50 км зайд байрлах Ровенки суурин руу татан төвлөрүүлж байна. ЛБНУ-д явагдаж буй дайчилгаа хүндрэлтэй тулгарч байгаа, учир нь Оросын засгийн газар шархадсан, амь насаа алдсан цэргүүдэд нөхөн олговор олгох асуудал эдийн засагт хүнд дарамт үүсгэж эхэлсэнтэй холбоотой юм.

ОХУ-д болж болж буй үйл явдал. ОХУ-ын БХЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Украйны эзлэгдсэн нутагт олноор оруулж, сурвалжлага хийлгэж, ялалтын тухай мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэж байхаар ажиллаж байна. Эсрэг талыг “террорист эсвэл нацистууд” гэж нэрлэж байгаа нь мэдээллийн дайны шинжийг агуулж байна. Одоо хамгийн тулгамдаж байгаа асуудал бол Азовсталь үйлдвэрийн газарт байрлаж байгаа Украйны Азов батальоны 260 шархадагсдыг хэрхэн шийдвэрлэх асуудал юм. Эдгээр шархадагсдыг Оросын тал татан гаргаж, Оросууд амьдардаг суурингууд руу байрлуулж байгаа. Талууд дайны олзлогдогсдыг солилцох чиглэлээр тус бүрдээ яриа хэлэлцээр, мэтгэлцээн өрнүүлж байгаа учраас зөвшилцөлд хараахан хүрээгүй байна. Учир нь Оросын талаас Украйны олзлогдогсдыг “нацистууд” гэж нэрлэж, тэднийг буцаан өгөхийг Оросын зарим улс төрийн хүчнийхэн хүчтэй шүүмжилж байгаа, харин нөгөө талд Оросын олзлогдсон  цэргүүдийг “дайны гэмт хэрэгтнүүд” гэж үзэж байгаатай холбоотой юм.

Оросын цэргийн тусгай ажиллагааг Оросын иргэд, улс төрийн хүрээнийхэний зүгээс ихээхэн шүүмжилж эхэлсэн. Тухайлбал, Оросын Төрийн думын гишүүн, Комунист намын дэд дарга Виктор Собольев тус цэргийн тусгай ажиллагааг 2014 онд явуулж байсан цэргийн ажиллагаатай харьцуулж шүүмжилсэн ба ойрын хугацаанд дор хаяж Оросын хилд ойрхон байгаа Северодонецк хотыг бүслэн хаах, цаашид одоогийн бүтэлгүй цэргийн ажиллагааг яаралтай дуусгах ёстой гэж шүүмжлэв. Мөн тэрээр Украйны цохилтын хүчний чадавхыг дутуу үнэлж, бүрэн сулруулж чадаагүй байж өргөн хэмжээний хуурай замын цэргийн ажиллагаа явуулсныг хатуу шүүмжилсэн нь олны анхаарлыг татсан явдал болов. Үүнтэй зэрэгцээд Луганск мужийн захирагч Сергей Хайдай хэлэхдээ, Оросын цэргийн хүчний ихэнх нь Украйн дахь орос иргэдийн амьдардаг нутгийг хамгаалалтад авахад зарцуулж байгаа, гэхдээ энэ хамгаалалт нь одоо хүртэл сул байгааг дурдав.

/Украйны цагийн байдлыг дээрх зурганаас харна уу/.

Шинэ зэвсэг, техникийн мэдээ. Оросын Телеграм сувагт мэдээлснээр ВМПТ-72 “Терминатор” хэмээх хотын байлдааны ажиллагаанд зориулан бүтээгдсэн хуягт техникийг Севернодонецкийн ойролцоо оруулж эхэлснийг баяртайгаар мэдээлсэн байна. ВМПТ-72 нь Т-72 танкны эх бие дээр суурилсан, танкийн батальонд галын дэмжлэг үзүүлэх зориулалттай бөгөөд цамхагт 30 мм-ийн 2А42 буудлагын хосолмол систем, мөн 7.62 мм-ийн ПКТ хос пулемёт, гранат шидэгч, пуужин харвагч суурилуулсан нь ойрын зайд целийг оновчтой устгах чадвартай цогц галын систем юм.  Одоогоор зөвхөн ОХУ-ын 90-р танкийн дивизийн зэвсэглэлд байгаа ба зөвхөн 9 нэгжийг Украйн руу эхний ээлжинд илгээж туршиж байгаа, цаашид  Оросын тусгай цэргийн ажиллагаанд эргэлт авч ирнэ гэж найдаж байгаа юм. Урьд нь Сирийн цэргийн ажиллагаанд туршиж байсан байна.   

 

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter